УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төмөр замын царигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр "УИХ-ын дарга төмөр замын тогтоолын төслийг өргөн барьсан. Монгол Улс ямар царигтай байхыг Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийддэг заалттай. Энэ хүрээнд тогтоолын төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.
Учир нь УИХ-ын тогтоолгүй хэрнээ Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл өргөн төмөр зам тавьсан. Энэ өргөн төмөр зам нь өнөөдөр мухар зам болчихоод асуудал үүсгээд байгаа юм.
Энэ төмөр замаар уул уурхайн ордоос бүтээгдэхүүн зөөхөд хил дээр очоод дахиад нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламжийг 300-400 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгөөр барих нөхцөл байдал бий болж байна. Ийм хөрөнгө оруулалт шаардагдана. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ийм их мөнгө Монгол Улсад байхгүй. Тиймээс уул уурхайн ордоос тухайн улс нь ямар царигтай байна, түүгээр төмөр замын цариг барих тогтоолын төслийг өргөн барьж байна" гэлээ.