Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Заяахүү: Хоёр хүүхдэдээ насан туршид нь өвчтэй аав баймааргүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 34 секунд

Түүнийг Б.Заяахүү гэдэг. Ид хийж бүтээх насан дээрээ яваа 34 настай залуу. Сурсан мэргэжлээрээ ажиллах туйлын хүсэлтэй хэдий ч бөөрний архаг дутагдал хэмээх хүнд өвчинтэй нүүр тулснаар энэ мөрөөдөлдөө хүрэхэд хүндрэлтэй болжээ. Дөнгөж 21 насандаа бөөрний дутагдал хэмээн оношлогдож, энгийнээр ажиллаж амьдрах боломжгүй гэсэн хариу эмчээс сонссон хэдий ч бууж өгөлгүй явсаар Казахстан Улсад докторын зэрэг дээшлүүлэхээр сурчээ. Гэвч бөөрний дутагдал нь хүндэрсээр 2019 онд бөөрний архаг дутагдал болж аппаратаар амьдрах эсвэл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болсон байна. Гэр бүлийнхний цусны бүлэг таарахгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хэвлийн диализ буюу аппаратаар амьдарч байна. Монгол Улсад эмчлэх боломжгүй хэдий ч Бүгд найрамдах Турк улсын анагаахын ухааны их сургуулийн харьяа эмнэлэгт эмчлэх боломжтой гэсэн хариу авсан түүнд эмчилгээний зардал болох 150-200 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Ингээд тэрээр ард түмнээсээ тусламж гуйж байна.

-Сайн байна уу. Бүгд найрамдах Турк улсын зүгээс ямар хариу ирсэн бэ?

-Сайн байна уу. БНСУ, БНТУ-д эмчлэх боломжтой эсэх талаар судалж үзэхэд Турк улсын анагаах ухааны их сургуулийн эмнэлэгээс нааштай хариу ирсэн. Энэ эмнэлэгт Монгол Улсаас очиж бөөрөө эмчлүүлсэн, бөөрөө солиулсан хүмүүс олон байдаг юм билээ. Холоос очих учраас ямар нэг дараалал, хүлээлгэгүйгээр эмчилгээ эхлэхээр байгаа.

-Хэвлийн диализтай байгаа гэхээр бөөрний үйл ажиллагааг энэ аппаратаар орлуулж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Өдөрт дөрвөн удаа эмчилгээ хийдэг. Залуу хүний хувьд аппаратаар амьдарна гэдэг эмгэнэл шүү дээ. Бөөрний үйл ажиллагаа явагдахгүй болсноор зүрхрүү хортой цус хүрч байдаг. Ингээд сүүлд зүрхний дутагдал гэж оношлогдсон. Одоо бол зөвхөн 30 хувьтай ажиллаж байгаа. Бөөр солиулах хагалгаа хийлгэхийн тулд зүрх маань үүнийг дааж чадах ёстой. Тиймээс Турк улсад очоод юун түрүүнд зүрхээ эмчлүүлж байж, бөөр шилжүүлэх боломжтой.

-Одоогоор өдөрт ямар эмчилгээ хийж байна вэ. Хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Хэвлийн диализийг эрүүл мэндийн даатгалийн сангаас даадаг болсон. Нэг өдрийн эм тарианд дунджаар 120 мянга орчим төгрөг, сардаа 3,6 сая төгрөг зарцуулагддаг. Үүнээс гадна маш олон төрлийн эмүүд уудаг. Дааврын эм, фосфор буулгах, цус шингэлэх, даралтны эм, гэх мэт. Зарим эм тариаг даатгалын сангаас хөнгөлүүлээд авдаг бол зарим нь Монголд олддоггүй, огт байдаггүй. Химийн хүчтэй найрлагатай эм тариаг хэрэглэхээр эмний хордлогонд орно, харшилна. Диализд орохоосоо өмнө сэхээнд хүртэл орсон.

-Хандивийн аян эхэлснээс хойш хэчнээн төгрөг цуглаад байна вэ?

-Ард түмнээсээ тусламж гуйгаад долоо хоног болж байна. Энэ хугацаанд нэг сая орчим төгрөг цугларсан. Сэтгэлийн хандив өргөж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Би хүү, охин хоёртой. Бурхан надад өвчин өгсөн ч хүү, охин хоёр заяасан. Том хүү маань энэ жил есөн нас хүрч байна. Харин бага охин маань гурван настай. Охиныгоо төрснөөс нь хойш аав нь ийм хүнд өвчтэй харагдаж эхэлсэн. Охины маань харц намайг эмзэглүүлдэг. Хоёр хүүхэддээ эрүүл, саруул харагдах юмсан. Насан туршид нь өвчтэй аав баймааргүй байна. Энэ бол маш том хариуцлага. Тиймээс боломж олдсон дээр нь бөөрөө солиулаад, эрүүл болохыг хүсч байна. Тиймээс ард түмнээсээ надад туслаач хэмээн хүсч байна.

Гэр бүлийн гадуурх харилцаанаас болж, 8 давхрын цонхоор үсэрч нас баржээ
Гэр бүлийн гадуурх харилцаанаас болж, 8 давхрын цонхоор үсэрч нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.