Налайх дүүрэгт 4 сартай нярай хүүхдийг эцэг эх нь архидан согтуурсны улмаас гудамжинд үлдээсэн хэрэг гарсан. Уг асуудлаар ГБХЗХГ-аас мэдээлэл хийлээ.
"Өчигдөр Налайх дүүрэгт болсон явдалтай нярай хүүхэдтэй холбоотойгоор манай байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтран газар дээр нь очиж ажилласан. Аав, ээж нь согтуурсан байдалтай байсан учраас цагдаагийн байгууллага эцэг эхийг нь эрүүлжүүлэхээр аваад явсан. Тухайн хэргийн тохиолдолд хүүхэд хамгаалах журмын дагуу эрсдлийн, гэр бүлийн, хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг газар дээр нь хийсэн. Эцэг эх нь хүүхдээ харах чадваргүй байсан учраас нярайг хамгаалах байранд авсан. Цагдаагийн байгууллага эцэг эхээс нь мэдүүлэг авч байна" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Эрсдлийн үнэлгээний хариу ямар гарсан бэ?
-Мэдээж эцэг эх нь согтуурсан байсан учир нярайн эрсдлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Тиймээс нярайг хамгаалалтад авсан.
-Эцэг эх нь хэд орчим насны ямар хүмүүс байгаа вэ?
-Хувь хүний мэдээллийг өгөх боломжгүй. Цагдаа дээр шалгагдаж байгаа. Нярайн эцэг эх хоёр эмэгтэйн эмээтэй хамт амьдардаг байсан. Эмээгээс авсан мэдээллээр, өглөө хүүхдээ аваад гарсан. Орой 16.00 цагийн орчимд гэртээ орж ирэхдээ маргалдсан согтсон байсан гэдэг мэдээллийг өгсөн.
-Хүүхдийг хамгаалах байранд хэр удаан байлгах вэ. Эцэг эхэд нь хэзээ хүлээлгэж өгөх үү?
-Энэ бол хүүхдийн хүчирхийлэл. Тиймээс хорооны хамтарсан баг гараад үнэлгээнүүдтэй танилцаж, хурлаа хийнэ. Хурлаар тухайн гэр бүлийн нөхцөл байдал, аав ээжийн онцлог байдал, ажил хөдөлмөр, ахуй амьдрал гэх мэт бүх зүйлийг нь харгалзан үзээд хорооны хамтарсан баг асуудлыг шийднэ. Эцэг, эх нь хүүхдийнхээ дэргэд архидан согтуурсан тул Зөрчлийн хуулиар 300 нэгжээр торгох байх. Нярай угж идэж сураагүй учир энэ асуудал санааг зовоож байна. Гэхдээ үүнд дасгах арга хэмжээ авч байна. Мэдээж эхээс нь салгахгүйг хичээх ёстой ч эрсдэл өндөр байгаа учир хамтарсан баг хуралдаж шийднэ.
-Өнгөрсөн хоногт нярайг яаж хооллосон бэ?
-Угжаар хооллосон. Эхэндээ эвгүй байсан ч одоо угжаар хоолоо идэж байгаа. Ээж нь хүүхдээ харах чадваргүй байсан учир эрүүлжүүлэх байранд аваачсан. Одоо нярайг асрах үйлчилгээг түр хамгаалах байрныхан үзүүлж байгаа.
-Эцэг, эх байх эрхийг нь хасах уу?
-Үүнийг цагдаагийн байгууллагаас харьяа дүүргийнхээ шүүх рүү явуулдаг. Улмаар шүүх шийддэг.