С.Эрдэнэбат: Тэтгэвэр 1000 ам.доллар, цалин 1500-2000 ам.долларт хүрчихвэл эдийн засаг солонгорч, халамж ч буурна

Ярилцлага
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 4 мин 32 сек
00
6f3d2ddd-40f1-47ba-99eb-68dfe3c7071d.webp

2026 оны төсвийн тодотголыг өнгөрсөн баасан гарагт УИХ-аар баталсан билээ. Төсвийн тодотголоос олон нийтийн хүлээж буй гол асуудал бол цалин, тэтгэврийн нэмэгдэл юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Төсвийн тодотгол батлагдсаны дараа цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар олон өнцөгтэй мэдээллүүд явж, олон нийтийн дунд эргэлзээ үүсээд байна. Тодотгол батлагдсанаар ямар өөрчлөлтүүд гарахаар болов?

-2026 оны төсвийн тодотголоор 435 мянган ахмад буюу 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэйчүүдэд анх удаа улсын төсвөөс суурь тэтгэвэр олгож байгаа. Монгол Улсын нийт ахмадын 70 орчим хувь нь 700 мянга болон түүнээс доош төгрөгийн тэтгэвэртэй байна. Өөрөөр хэлбэл ахмадууд ядуурлын шугамд хэт ойртсон. Тэгвэл үүний эсрэг Засгийн газраас байгалийн баялаг, улсын төсвөөс суурь тэтгэврийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ удаагийн нэмэгдлээс жишээ татвал, 4 сая төгрөгийн тэтгэвэртэй бол 30 жил ажилласан ч 300 мянган төгрөг нэмэгдэхгүй. Харьцангуй өндөр тэтгэвэртэй учраас 100-150 мянган төгрөгийн нэмэгдэл ч гэдэг юм уу, ийм байдлаар явна. Харин 700 мянган төгрөгийн тэтгэвэртэй маш олон хүний тэтгэвэр 300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Үүнээс гадна он гараад буюу 1-р сарын 1-нээс тэтгэвэр дахин нэмэгдэхдээ 3 сая төгрөгийн тэтгэвэртэй хүнд 300 мянга, нэг сая төгрөгийн тэтгэвэртэй хүнд 100 мянган төгрөг гэх байдлаар нэмэгдэх тооцоололтой байгаа.

Төсвийн тодотголоор тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр дундаж тэтгэвэр 1.1 сая төгрөг орчимд хүрнэ.

Энэ хүртэл олон ч эсэргүүцэлтэй тулсан. Төсөв хэлэлцэж байхад зарим гишүүд, сөрөг хүчнийхэн “Сонгуулиар таалагдах юм хийлээ. Төсвийн хязгаар зөрчлөө, урсгал зардал нэмлээ” гэж байх жишээтэй. Гэхдээ болгоё гэвэл болгодог л юм.

Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж нэмэгдэнэ. Ж.Баясгалан, О.Саранчулуун гишүүн бид гурав өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад зургаан хувиар нэмэх гэж байсныг санал гаргаж, эхний ээлжинд 20 хувиар нэмэгдүүлье, цаашид боломжийг харж байгаад 1-р сарын 1-нээс амьжиргааны баталгаажих түвшинд хүргэе гэсэн саналыг гаргасан байсан ч энэ удаагийн төсвийн тодотголд орж ирээгүй.

-Суурь тэтгэвэр өвлөгдөх асуудалд мэдээлэл өгөхгүй юу. Ямар байдлаар өвлөгдөх юм бэ?

-Суурь тэтгэвэр өвлөгдөх учраас дор хаяж 10 жил НДШ төлөөрэй. Магадгүй хоёулаа суурь тэтгэвэр авч байтал нэг нь нас барсан тохиолдолд 50 хувийг нь үлдэж буй ахмадад нь өгнө гэсэн үг. Тиймээс 100-300 мянган төгрөгийн тэтгэвэр нь цааш нэмэгдсээр байгаад амьжиргааны баталгаажих түвшинд хүрэх ёстой.

-435 мянган ахмадын тэтгэвэр нэмэгдэж байгаа ч цаана нь нэмэгдээгүй тэтгэвэртэй хэчнээн хүн байгаа вэ. Ордны гадаа жагсдаг ахмадуудын хүсэл, шаардлага биелэсэн үү?

-Нэмэгдэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүс бий. Нийгмийн даатгалын хуульд оруулах гээд арай болоогүй. Миний хувьд гадаа жагсаж буй иргэдийн шаардлагыг дэмжиж байсан. Тухайлбал, хүнд хортой нөхцөлд ажилладаг, цэрэг, цагдаагийн албанд ажиллаж байсан хүмүүс тэтгэвэрт гарах насаа дахин хэдэн жил хүлээх болчихоод байгаа. Тиймээс дараагийн удаа Нийгмийн даатгалын хуульдаа оруулъя гэж байгаа.

-Тэтгэвэр нэмэгдэж байгаа нь таатай сонсогдох ч дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр үнийн өсөлтөд гүйцэгдэх юм биш үү?

-Нэмээгүй байхад махны үнэ хоёр дахин өсчихсөн шүү дээ. 100-300 мянган төгрөгөөр нэмэгдлээ гэхэд тэтгэврийн зээлдээ нэмэр болгох юм уу эсвэл олигтойхон идэш аваад хадгалчихвал хавар махны үнийн өсөлтөд өртөх нь бага. Саяхан “Дэнжийн мянга”-ын зах дээр очиход, үхрийн мах гулуузаараа 130 кг буюу 2.6 сая төгрөг орчим болж байсан.

Тиймээс үнэ хямд үед нь идэш махаа ахиухан аваад хадгалаг гэж л тэтгэвэр нэмэгдүүлж байгаа. Тэгэхгүй бол зээлээ дарах ч мөнгөгүй, мах хүнсээ бага багаар нь авахаар улам хүнд тусаж байгаа юм.

Тэтгэврийн нэмэгдэл инфляцад нөлөөлөх байдал нь Монголбанкны судалгаагаар, 1-2 хувь байх юм билээ.

Тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж багахан нэмэгдэхээр тэрийг нь огцом нэмэгдчихлээ гэж гүйцгээгээд, бараа бүтээгдэхүүний үнийг нэмээд байгаа нөхцөлд худалдаа эрхлэгчид маань “Худалдан авах чадвар нь жаахан нэмэгдэж байгаа юм байна” гэх үүднээс нийгмийн хариуцлагатай байгаач ээ. Нөгөө талдаа хуучнаар ШӨХТГ газар ажлаа хийгээч ээ. Яг үнэнийг хэлэхэд, зарим бараа бүтээгдэхүүнийг оруулж ирдэг монополь хэдэн компаниуд үнийг өндөр байлгах сонирхолтой байдаг.

Эдийн засагч хүний хувьд хэлэхэд, ер нь цаашид тэтгэвэр 1000 ам.доллар, цалин нь 1500-2000 ам.доллар болчихоосой гэж боддог. Ингэвэл эдийн засаг ч солонгорч, халамж ч буурна.

12 хувийн инфляцын таван хувь нь махны үнэ байна. Ахмадуудын тэтгэвэр 80 мянгаар нэмэгдэхэд, тэд тийм их мах иддэг болсон юм уу. Үгүй шүү дээ. Махны үнийн өсөлт зуд, нийлүүлэлт, бензин шатахууны үнийн өсөлттэй л холбоотой.

Цалин, тэтгэвэр нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэдэг нь эдийн засгийн онолоор батлагдаагүй.

-Төрийн захиргаа гэхээр бүгдийг нь дарга гэж бодож болохгүй-

b9444a71-a7b3-45a2-9892-9d17cf37adb7.webp

-Ирэх оны төсөв батлагдах хуулийн хугацаа сарын дараа дуусна. Цалин, тэтгэврийн нэмэгдэлд ямар өөрчлөлт орох бол. Та хувиасаа санал гаргах уу?

-Төрийн захиргааны алба хаагчдын цалингийн нэмэгдлийг жаахан наашлуулмаар байна. Олон нийт төрийн захиргаа гэхээр л бүгдийг нь дарга гэж боддог юм шиг байна. Ихэнх нь л 1.2 саяас эхэлсэн цалинтай, суманд юу л болж байна Тамгын газрын хэдэн алба хаагч л сууж байдаг шүү дээ. Баавгай орж ирлээ, түймэр гарлаа, гамшиг боллоо гэхэд илүү цагийн мөнгө ч гэж байхгүй.

Хоёрдугаарт, багш, эмч нарын цалин дахин 10 хувиар нэмэгдэнэ. Хэлэлцээрийн шийдвэрийг нь бүтэн болгох санал бас чухал байгаа.

Гуравдугаарт, 1-р сарын 1-нээс инфляцтай уялдуулж тэтгэвэр дахин нэмэгдэнэ. Өмнө нь 4-р сарын 1-нээс, тавдугаар сарын 1-нээс, 10-р сарын 1-нээс үү гэдэг байсан бол шууд он гараад нэмэгддэг болсон. Их тэтгэвэр авдаг нь ихээр, бага авдаг нь багаар гээд л явна.

-Ярилцсанд баярлалаа.