Ж.Баярмаа: Chatgpt хүртэл судалгаа хийдэг болчхоод байхад хэдэн тэрбумыг зарлагадаж, судалгааны төв барина гэдэг чинь юу гэсэн үг вэ

Ярилцлага
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 7 мин 34 сек
00
1-3.webp

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ирэх оны төсвийн талаар ярилцлаа

-2027 оны төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Таны харж буйгаар ирэх оны төсөвт танах боломжтой, тэвчиж болох зардал юу байна вэ?

-Тэвчих боломжтой зардал маш их байгаа. Жилийн жилд л байдаг. Угтаа бол Засгийн газар төсвийн реформ хийх ёстой байсан. Ингэхдээ төрийн албыг цомхон болгоход үндэслэж төсвийн реформыг хийх ёстой байсан. 2025 оны төсөв өмнөх оныхоос 2 орчим их наядаар буурч орж ирж байсан. Мөн төрийн албыг 9 хувиар цомхтгох асуудлыг ч багтааж оруулж ирж байв. Харин энэ жил төсөв өргөн барихдаа төрийн албаны цомхон, чадварлаг байдал гэдэгт ямар ч реформын чанартай зүйл орж ирсэнгүй. Эсрэгээрээ 43.6 их наяд буюу өмнөх онтой харьцуулахад 10 их наядаар тэлсэн төсөв орж ирсэн. Төсөв буюу улстөрчдийн захиран зарцуулах мөнгө нэмэгдэж байна гэдэг нь төдий чинээгээр хувийн хэвшлийн орон зай хасагдаж байна гэсэн үг. Нэг ёсондоо хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох ажил үйлчилгээнд төр их оролцож байна. Үүнтэй холбоотойгоор хасаж танах шаардлагатай төсөл хөтөлбөрүүд байна. Тухайлбал, иргэдэд мэдээлэл өгөх төв гэх объектийг жил бүр сумдад барьдаг. Одоо бүр хоёр дүүрэгт барьж байгаа юм билээ. Миний зүгээс эдгээрийг хасах шаардлагатай гэж зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаа. Улаанбаатар хотод ямар юмаараа мэдээллийн төв хэрэг болох вэ дээ. Иргэдэд гадаа гарч түгжрэх нь байтугай гар утсаараа дэлхий нийтийн мэдээллийг авчхаж байгаа шүү дээ. Ийм байхад мэдээллийн төв барих шаардлагагүй. Аймгуудад ч ялгаагүй. Гэтэл дахиад "Аялал жуулчлалын мэдээллийн төв" гээд шинэ нэршил гараад ирж. Аймаг, сум бүрд барина гэж байгаа юм. Гэтэл тухайн сумдад бүрэн дүүрэн ашиглалтгүй соёлын төвүүд ч байгаа шүү дээ. Зарим сумдад хоёр ч соёлын төв байгаа. Мэдээж ЗДТГ-ын барилга байна. Монгол Улс барилгаар дутаагүй. Тиймээс сумдад барих "Аялал жуулчлалын төв"-үүдийг хасах санал гаргасан.

-Нийт төсөвт өртөг нь хэд байгаа вэ. Тухайлбал, нэг мэдээллийн төвийг барих дундаж өртөг?

-Төсөвт өртөг нь харилцан адилгүй. Тухайлбал, хоёр дүүрэгт барих мэдээллийн төвийн төсөвт өртөг 6.5 тэрбум төгрөг. Нэг аймагт барих мэдээллийн төвийн өртөг 2.8 тэрбум. Дахин өөр аймагт барих мэдээллийн төвийн өртөг нь 6.6 тэрбум. Өмнө нь дурдсан "Хөх баавгай" гээд аялал жуулчлалын мэдээллийн төвийг сум бүрд барих ба нэгийнх нь өртөг 11.2 тэрбум. Зорилго нь тодорхой бус, үр дүнтэй бус. Жишээлбэл, тодорхой нэг аймгийн суманд АЗХБ-ны санхүүжилтээр ийм мэдээллийн төв барьж байжээ. Гэтэл одоо түүнийг нь юунд ашиглах вэ гээд толгойны өвчин болж байна гэсэн.

-Энэ мэтээс гадна хэдэн арван жил үргэлжилж байгаа төсөл хөтөлбөрүүдээс харахад манай улс мөнгөгүйн биш мөнгөө зөв зарцуулж чадахгүйн "зовлон"-д л байдаг бололтой?

-Тэгэлгүй яах вэ. Төсвийн мөнгө бол төрийнх биш. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчид бидний амьдралын чанар сайжраасай, үр хүүхэд маань гурван ээлжээр бүү хичээллээсэй, цэцэрлэг сургууль нь хүртээмжтэй байгаасай, эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжраасай гэж татвараа төлж байгаа шүү дээ. Учир нь иргэд энэ бүгдийг тус тусдаа хийгээд явах боломжгүй. Эдгээрийг засаж сайжруулах үүрэг нь Засгийн газарт ногдож буй юм. Гэвч иргэдийн хүсээд буй үйлчилгээ нь сайжрахгүй байна. Тэгвэл төлөөд байгаа татвар нь юунд зарцуулагдаад байна вэ гэдэг асуулт үүснэ. Гэтэл татвар нь сая миний дурдсан аялал жуулчлал, судалгааны төвийн барилга руу хүртэл орж байна. Сүүлийн үед судалгааны төв гэдэг зүйл гарч ирсэн. Улаанбаатар хотод ийм судалгааны төвүүд олон бий. Нэмж хэлэхэд, нэг суманд Хүннү гүрний үеийн язгууртнуудын судалгааны төв байгуулна гэж байна. Барилга байшин барьснаар судалгаа хийнэ гэсэн зүйл байхгүй шүү дээ. Судалгааг чинь chatgpt хүртэл хийдэг болчхоод байна. Ийм байхад хэдэн тэрбумын зарлага гарган байж барилга бариад судалгаа хийнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм зүйлсийг сонсохоор өөрийн эрхгүй бухимдал төрж байна. Миний хувьд эдгээрийг бүгдийг нь хасах ёстой гэж үзэж байгаа. Гэтэл зарим дүүргийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн үзлэг хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл нь одоог хүртэл дутагдалтай байгаа шүү дээ. Аялал жуулчлалын мэдээллийн төв барьж байхаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжөө авч өгөөд, номоор бол хуудсыг нь хаагаач ээ.

Өөр жишээ бий. Хан-Уул бол харьцангуй гэр хороолол багатай төвийн дүүргүүдийн нэг. Гэтэл тэр дүүрэгт соёлын төв барина гэж байна. Нэрийг нь соёлын ордон л гэсэн байна лээ. Гэхдээ хотод соёлын ордон, суманд соёлын төв гэдэг л нэршилтэй яваа юм. Үг нь л өөр болохоос зориулалт нь агаар нэг. Энэ бол жинхэнэ галзуурал. Тэнд юу бодож соёлын төв барих гэж байгааг ойлгохгүй байна. Гэтэл тухайн дүүрэгт сургуулийн хүртээмж бага. Хувийн сургууль ихтэй боловч улсын сургууль бага байдаг. Тэнд улсын сургууль баримаар байна.

-Таны гаргаж буй энэ саналуудыг гишүүд хэр дэмжиж байна?

-Саяны үндэслэлүүдийг хэлэхээр дэмжиж байна лээ. Эдгээрээс гадна урсгал зардал жил бүр өсөж байна. Зөвхөн хөрөнгө оруулалт барилга байшинг хасаад зогсохгүй зарим урсгал зардлыг хасах санал гаргаж байна. Тухайлбал, төрийн өмчийн болон төрийн оролцоот үйлдвэрийн газруудын өмч хөрөнгө 60 гаруй их наяд. Энэ дотор барилга байгууламж нь багтдаг. Гэтэл энэ хэмжээний барилга байгууламжтай байж нэмээд байр түрээслээд байна. Өнгөрсөн онд түрээсийн зардал 70 тэрбум байсан ба тодотголоор 80 тэрбум болсон. Гэтэл ирэх оны төсөвт 120 тэрбум болгоод оруулаад ирсэн. Нэг ёсондоо, 36 тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг.

-Засгийн газраас ТӨК-иудын түрээсийн асуудлыг цэгцэлж байгаа гэж байсан санагдах юм?

-Нэг мөр шийдэхгүй байна. Нэг гараараа цэгцлээд нөгөө гараараа түрээслээд байвал ямар ч хэрэггүй. Хориглох хэрэгтэй. Байр ашиглалтын стандарт, нэг хүнд ногдох талбайн хэмжээг гаргах хэрэгтэй. Үүнээс гадна түлш шатахууны зардал нэмэгдсэн байна. Тодруулбал, тодотголоор 56.8 тэрбум гэж баталсан бол ирэх онд 68 тэрбум болж 11.2 тэрбумаар нэмэгдсэн. Мэдээж түлш шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ дунд дарга нарын бандгар жийпнүүд байгаа нь гарцаагүй. Сайд, дэд сайд нар бүгд л бензин их иддэг машин унаа ашиглаж байгаа. Тиймээс энэ дарга ангийнхан бензин их иддэг машинаасаа татгалзах ёстой. Тиймээс би 11.2 тэрбумын шатахууны зардлыг нь хас гэж байгаа.

2-2.webp

-Энэ удаагийн төсөв дээр гол хэлэлцүүлэг өрнүүлж буй зүйлийн нэг нь Оюутолгойн ногдол ашиг тойрсон асуудал байна. Таны хувьд Засгийн газраас явуулж буй санал асуулгад иргэнийхээ хувиар саналаа өгсөн үү?

-Өгөөгүй. Тухайн асуулгад миний хүсэж буй хариулт өгөх хэсэг байхгүй юм билээ. Заавал төсөл хөтөлбөрт зарцуулах ёстой мэтээр шахаж хөтөлсөн асуултууд байна лээ. Хэрэв энэ ЗГ иргэдэд ногдол ашгийг тараая гэж бодож байгаа бол асуулт нь арай өөр байх байсан. Хуулиараа ногдол ашгийг зөвхөн Хуримтлалын сан руу төвлөрүүлэх заалттай. Түүнийг нь 2030 оноос иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авахад зарцуулна. Хуулийн энэ заалтыг өөрчилж байгаа юм уу гэхээр үгүй. Шал өөр асуулт байна лээ. Хаа нэгтээ зарцуулж болно гээд заачихсан юм шиг л санал асуулга авч байна. Буруу л санал асуулга гэж харж байгаа.

-2 их наядыг төсөв рүү оруулж, төсөл хөтөлбөрүүдэд зарцуулъя гэж байгаа нь өөрөө хууль бус гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ Засгийн газар үнэхээр ард иргэдээ боддог бол "2030 он хүртэл зарцуулах боломжгүй энэхүү ногдол ашгийг одоо та бүгдийг нь нэрийн данс руу шилжүүлэх үү" гэж асуух байсан.

-Гэхдээ урт хугацаандаа эрчим хүч гэдэг ч юм уу шаардлагатай төсөл хөтөлбөрөө санхүүжүүлээд үр өгөөжийг нь хүртэх нь зөв юм биш үү?

-Маш зөв. Гэхдээ Монгол Улс өнөөдрийг хүртэл мөнгөгүй байсан юм уу. Гэнэт Оюутолгойн ногдол ашиг орж ирээд Монгол Улс мөнгөтэй болох гээд байгаа юм уу. 2020-2026 он хүртэл Л.Оюун-Эрдэнийн ЗГ 125 их наяд төгрөгийг төсвөөрөө зарцуулсан. Энэ их мөнгийг зарцуулж байхдаа эрчим хүчний асуудлаа шийдэхгүй яасан юм гэдэг асуулт гарна. Яагаад заавал ногдол ашгаараа шийдэх гээд байгаа юм. Хэрэв энэ ногдол ашгийг авахгүй байсан бол эрчим хүчний төслүүдээ явуулахгүй байх байсан юм уу. Эрэмбэ дарааллын хувьд ийм чухал төслүүдээ явуулахгүй байж миний өмнө дурдсан мэдээллийн төв нэртэй баахан бетонон ширэнгэ рүү татвар төлөгчдийн мөнгийг хийх гээд байна. Аль ч Засгийн газарт эрэмбэ дараалал гэж зүйл алга.

3-3.webp

-Төсвөө 11 дүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Засгийн газраас оруулж ирсэн төсвийг гишүүд шүүмжилдэг ч хэлэлцүүлгийн шатанд хэвээр нь батлагдчихдаг гэдэг шүүмжлэл байдаг. Өнгөрсөн жил улаан, ногоон лаазаар төсвөө баталцгаасан гэх шүүмжлэлд ч парламент өртсөн. Энэ жил ялгаагүй нөхцөл байдал бий болох вий?

-УИХ-ын гишүүн болсны дараа 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байсан. Дараа нь 2025 оны төсвийг баталж байв. Тухайн төсөл дээр миний бие гурван гишүүний хамтаар шүгэл үлээсэн. Зарчмын зөрүүтэй саналаа оруулаад ч хүч түрээд явчихсан учраас эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний үр дүнд Ерөнхийлөгчөөс хориг тавьж, алдагдалгүй төсөв батлагдаж байсан. Тухайн жилийн төсөл их онцгой төсөл байсан юм. Учир нь 14 мега төсөл хэрэгжүүлнэ гээд оруулаад ирсэн. Татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгах төсөв орж ирсэн гэж хэлж болно. Миний санаж байгаагаар, 600 тэрбумаар Ган татлагат гүүр барих, 1.2 их наядаар хиймэл дагуул, нэмээд нэг үйлчилгээний цэг гэх мэт. Түүнийг жадлан эсэргүүцэхээс өөр арга байгаагүй. Өнгөрсөн жилийн төсөв сүүлийн жилүүдэд байгаагүйгээр буурч байсан.

Ярилцсанд баярлалаа