Насанд хүрээгүй иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 5 сек
00
images (11).webp

Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн зам тээврийн 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эдгээр хэргийн улмаас 27 хүн хохирсноос зургаан хүн амиа алдаж, 21 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Тодруулбал, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

Хэрэгт холбогдсон хүүхдүүдийн нэг нь 15, тав нь 16, 18 нь 17 настай бөгөөд бүгд эрэгтэй байжээ. Тэдгээрээс гурав нь мотоцикл, 21 нь автомашин жолоодож байхдаа осол гаргасан бөгөөд нэг хүүхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг прокурорын байгууллагаас мэдээллээ.

Шүүхээс таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бол 11 хүүхдийг тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авчээ. Мөн дөрвөн хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд хоёр хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцэж, жолоодох эрхийн үнэмлэх авсан иргэн замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

Иймд эцэг, эхчүүдийг тээврийн хэрэгслийн түлхүүрээ хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршиг болон эрх зүйн үр дагаврыг ойлгуулахыг прокурорын байгууллагаас зөвлөжээ.