Төв банкны алдагдлыг бууруулах нь мөнгөний бодлогын орон зайг нэмэгдүүлнэ

Эдийн засаг
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 4 мин 48 сек
00
mbbig.webp

Банк санхүүгийн академийн ахлах эдийн засагч Ч. Сосорбарамтай Монголбанкны алдагдал, инфляц болон төв банкны хараат бус байдлын талаар ярилцлаа.

-Манай улсын эдийн засгийн өсөлт харьцангуй сайн байгаа ч инфляц өндөр түвшинд хадгалагдаж байна. Энэ зөрүүг юутай холбон тайлбарлах вэ?

-Манай улсын эдийн засгийн өсөлт уул уурхайгаас ихээхэн хамааралтай. Уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнэ өсөх нь энэ салбараас гадна тээвэр, худалдаа, үйлчилгээний өсөлтийг дэмждэг. Гадаад орчны нөхцөл байдал, дотоод эдийн засгийн нөхцөл байдлыг харахад бид эдийн засгийн өсөлтийг цаашид ч тогтвортой 5-6 хувьд бариад явах бүрэн боломжтой харагдаж байна.

-Харин инфляцын хувьд өмнө нь мөнгөний хатуу бодлого, бодлогын хүүгийн өсөлтөөр эрэлтийн гаралтай дарамтыг бууруулж, 2026 оны эхний улиралд инфляц зорилтот түвшинд хадгалагдаж байсан. Гэвч махны үнэ болон гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалсан нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, нийлүүлэлтийн хомсдол инфляцыг нэмэгдүүлжээ. Эдгээр нийлүүлэлтийн шалтгаантай өсөлтийг Төв банк дангаараа бууруулахад хүндрэлтэй. Инфляцын шалтгааныг зөв оношилж, эрэлт болон нийлүүлэлтийн хүчин зүйлд тохирсон арга хэмжээ авах шаардлагатай. Инфляц өндөр хэвээр байвал иргэдийн худалдан авах чадвар буурч, эдийн засгийн өсөлтийн үр өгөөж амьдралд мэдрэгдэхгүй.

Bank for International Settlements (BIS) -ийн 2023 онд хийсэн Мөнгөний хатуу бодлого, инфляцад нөлөөлөгч хүчин зүйлс ба санхүүгийн дарамт судалгааны ажилд дурдсанаар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний үнэ, цаашлаад хүнсний үнийн огцом өсөлт нь инфляцыг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулахаас гадна бизнес эрхлэгчдийн зардлыг өсгөж, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд нийлүүлэлтийн гаралтай сөрөг шок нь дотоодын үйлдвэрлэлийг бууруулж, үнийн өсөлтийг огцом нэмэгдүүлж буй талаар дурдсан. Манай улсын хувьд ч дээрх зүй тогтол аль хэдийн илрээд эхэлсэн нэг талдаа эдийн засаг өсөж буй хэдий ч нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлсээс шалтгаалаад инфляц өндөр хадгалагдаж байна. Энэ нөхцөлд Төв банк бодлогын хүүг өндөр барих, инфляц цаашид өндөр хадгалагдах нь эдийн засгийн өсөлтийг саараахад ихээхэн нөлөөлөх юм.

-Инфляцыг бууруулах шинэчлэлийн хүрээнд Монголбанкны алдагдлыг бууруулах асуудлыг нэн тэргүүнд тавьж буйг та хэрхэн дүгнэх вэ?

-Инфляцыг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэрэгслүүдэд Төв банкны алдагдал шууд нөлөө байхгүй ч гэсэн мөнгөний бодлогын хэрэгслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, Төв банк инфляцыг удирдахад чухал нөлөөтэй байдаг. Төв банк инфляцыг удирдахад чухал нөлөөтэй байдаг. Төв банкны алдагдал инфляцад шууд нөлөөлөхгүй ч мөнгөний бодлогын хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах боломж, Төв банкны нэр хүндэд нөлөөлдөг. Бодлогын хүүг өсгөх, зах зээлээс мөнгө татахад зардал гардаг бөгөөд алдагдал өндөр байх нь бодлогын орон зайг хязгаарлаж болзошгүй. Мөн Төв банк төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, алдагдлаа нөхөхийн тулд Засгийн газраас дэмжлэг авах шаардлагатай болбол хараат бус байдалд эрсдэл үүснэ. Иймээс алдагдлыг бууруулах нь мөнгөний бодлогын бие даасан байдлыг хамгаалах, инфляцын хүлээлтийг тогтвортой байлгахад чухал.

-Төв банкны алдагдал бодлогын зардал юм бол үнийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэх үү?

-Алдагдал юунд зарцуулагдсанаас хамаарна. Валютын ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх, бодлогын хүүгээр дамжуулан зах зээлээс мөнгө татах, банкны хөрвөх чадвар болон санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад гарсан зардал нь Төв банкны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой. Харин төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээс алдагдал үүсвэл Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээ мөнгөний бодлогод нөлөөлөх буюу “төсвийн давамгайлал” бий болох эрсдэлтэй. Энэ нь бодлогын хүүг зохистой түвшинд тогтоох боломжийг хязгаарлаж, инфляцын хүлээлтийг нэмэгдүүлж болзошгүй.

-Алдагдал үүсэх гол шалтгаан юу вэ?

-2025 оны эцсээр Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн. Үүнд 2012–2016 оны үнэ тогтворжуулах хөтөлбөр, 2013 оноос хэрэгжсэн ипотекийн зээл, 2020–2024 оны салбар дэмжих хөтөлбөр зэрэг төсвийн шинжтэй арга хэмжээ голлон нөлөөлжээ. Мөн валютын зах зээл дэх хэлбэлзлийг зөөлрүүлэх интервенцийн зардал алдагдлыг нэмэгдүүлсэн. 2013 оноос олгосон 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн 8.2 их наяд төгрөг буюу 73 хувийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн нь мөнгөний нийлүүлэлтийг буцаан татахад гарах хүүгийн зардлыг нэмэгдүүлсэн.

-Алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар нөхнө гэдгийг эдийн засгийн талаас нь хэрхэн ойлгох вэ?

Энэ нь олон жилийн турш Төв банкаар дамжуулан хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүдээс үүссэн алдагдлыг ил тод болгож, Засгийн газрын өр төлбөрт тусган, төлөх боломжийг бүрдүүлэх алхам юм. Засгийн газрын үнэт цаасаар санхүүжүүлэх нь алдагдлыг мөнгө нийлүүлэх замаар нөхөхөөс илүүтэйгээр инфляцын дарамтыг хязгаарлах, Төв банкны санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах боломжтой. Мөн төсвийн нэгдмэл байдал, ил тод байдлыг нэмэгдүүлж, цаашид мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашиглах орон зайг тэлнэ. Дээр нь Төв банк хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж төсвийн шинж чанартай төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлснээс үүдэлтэй алдагдлыг засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөх боломжтой гэсэн заалтын дагуу Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан байна.

-Цаашид алдагдлаа бууруулж, санхүүгийн хувьд тогтвортой ажиллахын тулд ямар нөхцөл шаардлагатай вэ?

-Засгийн газрын үнэт цаас гаргах нь дангаараа урт хугацааны шийдэл биш. Төв банк өндөр хүүтэй үнэт цааснаас хамаарах хамаарлаа бууруулж, заавал байлгах нөөц, хөрвөх чадварын менежмент, нээлттэй захын үйл ажиллагааг оновчтой ашиглах шаардлагатай. Мөн ханш, хүүгийн өөрчлөлт Төв банкны санхүүд хэрхэн нөлөөлөхийг тооцсон тогтвортой санхүүгийн загвар хэрэгтэй. Валютын арилжааны эрх зүйн орчин, дэд бүтцийг сайжруулж, банк хоорондын захыг хөгжүүлэхийн зэрэгцээ форвард, своп зэрэг санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг өргөжүүлэх нь интервенцээс үүсэх алдагдлыг бууруулахад тустай.

-Монголбанкны хараат бус байдал бодитоор хангагдаж байгаа эсэх талаар та байр сууриа илэрхийлнэ үү.

-Монголбанкны хараат бус байдал нь зорилго, бодлогын хэрэгсэл, үйл ажиллагаа, санхүү болон удирдлагын түвшинд бие даасан байхыг хэлнэ. Энэ нь инфляцыг тогтвортой түвшинд барих суурь нөхцөл юм. Монголбанкны үндсэн зорилтыг хуульд тодорхой, хоёрдмол утгагүй тусгах шаардлагатай. Ерөнхийлөгч болон Мөнгөний бодлогын хорооны гишүүдийг УИХ томилж, тайлагнадаг тогтолцоо улс төрийн нөлөөлөл үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн засаглал, эрх зүйн орчныг сайжруулж, Төв банкаар төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, үүнээс үүссэн алдагдлыг хүлээлгэх явдлыг зогсоох нь хараат бус байдлыг бэхжүүлэхэд чухал.