Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажилд хоёр нисдэг тэрэг ашиглахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын өгсөн чиглэлийн дагуу Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг шуурхай хуралдаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргажээ.
Шинжээчдийн багийн хохирлын үнэлгээ хийхээр төлөвлөсөн цэгүүдийн зургаад нь бартаа саад ихтэй, автомашинаар хүрэхэд хүндрэлтэй байгаа аж. Иймд Онцгой байдлын ерөнхий газрын нэг, хувийн хэвшлийн нэг нисдэг тэрэг ашиглахаар болсон байна.
Мөн хохирлын үнэлгээ хийх шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, нисдэг тэрэг буух цэгүүдийн байршил, координатыг тодорхойлох, интернэтийн төхөөрөмж, зөөврийн эрчим хүчний үүсгүүр, хэмжилтийн багаж хэрэгсэл болон бусад шаардлагатай хангамжаар хангахаар шийдвэрлэжээ.
Холбогдох байгууллагууд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг хуульд заасан хугацаанд бүрэн тогтоохоор хамтран ажиллаж байна.


