Мобикомын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгахаар боллоо

Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр холбогдох албан тушаалтнуудыг дуудаж, үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, түймэр гарсан байршилд ажиллахдаа аюулгүй байдал, хариуцлага алдсан гэх Мобиком компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хуулийн дагуу шалгахыг үүрэг болголоо.
Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртлөө. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Ийм хохирол учраад байхад хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх ёсгүй. Хэн зөвшөөрөл олгосон, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан болон Мобиком компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ч хууль, баримтад тулгуурлан шалгах ёстой” гэв.


