2 их наядаа алдсан ч улсын төсвөөс хамгийн өндөр буюу 517 тэрбумыг УИХ-ын дарга, Сангийн сайд, ЭЗБХ-ны даргатай БАРУУН БҮС-д хуваарилжээ

Засгийн газар энэ жилийн төсөв дээр хамгийн их "гал" дагуулж, өөрсдийг нь татаж унагааж ч мэдэхээр байсан Оюутолгойн 2 их наядын ногдол ашгийн зарцуулалттай холбоотой саналаа буцаан татаж буйгаа өнгөрөгч Баасан гарагт мэдэгдсэн. Ингэснээр ард түмний саналд үндэслэн ногдол ашгийн гурван их наяд төгрөг бүтнээрээ Хуримталын сангаар дамжиж иргэдэд "үлдэх"-ээр болсон юм. Нөгөөтээгүүр энэ үйл явцтай холбоотойгоор байнгын хороон дээр УИХ-ын гишүүдийн зүгээс гаргасан 235 зарчмын зөрүүтэй санал автоматаар "уналаа". Ингэснээр дорвитой санхүүжилт тавиулж чадаагүй тойргийн гишүүд "ууртай" үлдэж байна. Энэ талаар Ерөнхий сайд "УИХ-ын гишүүд тойрогтоо, аймагтаа, сумандаа гээд саналууд гаргачихсан байна. Одоо энэ саналууд байхгүй болж байна. Ингээд ямар ч зовлонгүй боллоо" гэж ёжлоод амжсан.
-ОТ-н ногдол ашгаар санхүүжих 52 төсөл, арга хэмжээ хасагдсанаар цаашид 3.7 их наядын 763 төсөл хэвээр явна-
Тэгвэл одоо бидний олж харж, хөндөх ёстой асуудал бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөвт ХЭВЭЭР үлдэж буй төсөл хөтөлбөрүүд юм. Тодруулбал,
Засгийн газрын зүгээс 2027 онд 5.7 их наядаар 815 төсөл, арга хэмжээ санхүүжүүлнэ гэж оруулж ирсний 52 нь Оюутолгойн ногдол ашгаас санхүүжихээр төлөвлөгдсөн байв. Харин үлдсэн 763 төсөл арга хэмжээнд зарцуулах мөнгийг улсын төсвөөс гаргахаар төлөвлөсөн гэсэн үг. Үүнд 3 их наяд 773 тэрбум төгрөгийг зарцуулна.
Нэг ёсондоо, Оюутолгойн ногдол ашгийн эх үүсвэр хасагдсанаар 763 төсөл арга хэмжээ улсын төсөв дээр үлдэж буй гэсэн үг юм. Харин эдгээрийн 78 нь аймаг, сумдад бус улсын хэмжээний бүтээн байгуулалт болон гадаад улс дахь ЭСЯ зэрэг байгууллагуудын төсөл, арга хэмжээнд зарцуулагдахаар тусгагджээ. Харин үлдсэн 2.6 их наядын санхүүжилт нь аймаг, сумдад хэрэгжих төсөл, арга хэмжээ рүү хуваарилагдахаар тусгагдсан.
-АЙМГААР: Дорнодод хамгийн ӨНДӨР буюу 183.6 тэрбум, Өмнөговьд хамгийн БАГА буюу 23.4 тэрбумын төсөл, арга хэмжээ санхүүжүүлэхээр төсөвт тусгажээ -
Энд хамгийн анхаарал татаж буй зүйл бол төсөв дээр үлдэж буй төсөл хөтөлбөрүүд аль бүс рүү буюу 126 гишүүний хэн, хэнийх нь тойрог руу илүү татагдсан бэ гэдэг асуудал. Тэгвэл үүнийг доорх графикаас задалж харъя.
-УИХ-ын дарга, Сангийн сайд, ЭЗБХ-ны даргатай баруун бүсэд хамгийн өндөр хөрөнгө оруулалтын төсөв тавигджээ-
Тэгвэл бүсээр нь харвал, аль бүсэд хамгийн өндөр хөрөнгө оруулалтын төсөв тавигдсан болон тухайн бүсээс УИХ-д сууж буй төлөөллөөр нь харъя.
Үүнээс харахад, баруун бүс буюу УИХ-ын дарга, Сангийн сайд, Эдийн засгийн байнгын хорооны дарга, ГБХНХ-ын сайдын бүс хамгийн өндөр буюу 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв тавиулжээ. Харин хамгийн бага буюу говийн бүсэд 184 тэрбум төгрөгийн төсвийг тавьжээ. Тус бүсийг төлөөлж буй гишүүд дунд Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар багтдаг билээ.
/НЭМЭЛТ: Зүүн бүсэд ХААХҮ-ийн сайд асан М.Бадамсүрэн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар багтдаг билээ/


