Хотын дарга Б.Пүрэвдагва Хөх хотод айлчилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй албан айлчлал эхэллээ. Энэхүү айлчлал нь Улаанбаатар, Хөх хотын хооронд ах дүү хотын харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын шинэ боломжуудыг тодорхойлох зорилготой.
Айлчлалын хүрээнд хот төлөвлөлт, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль орчин, хог хаягдлын менежмент, эрүүл мэнд, боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Энэ үеэр талууд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурна
-Хоёр хотын Засаг дарга нар “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанбаатар хот хоорондын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичиг;
-Хөх хотын Бүсийн эдийн засаг, худалдааны туршилтын чөлөөт бүс болон Монгол Улсын Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
-Хоёр хотын дүүргүүд болон Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурна.
Түүнчлэн Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт хавдрын оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж хандивлах, ховор төрлийн хорт хавдартай хоёр хүүхдийг Хөх хотод нарийн шинжилгээнд хамруулж, өвчний онош болон цаашдын эмчилгээний төлөвлөгөөг мэргэжлийн багтай хамтран тодорхойлох чиглэлээр хамтран ажиллана.


