Б.Найдалаа: 10 аймгийн дулааны станц гацсан хэвээр үлдэх нь, ДЦС-6 бүр үлгэр боллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар “Оюутолгойн хоёр их наядын ногдол ашгаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх” хуулийг буцаан татсан билээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа байр сууриа илэрхийллээ. Сануулахад, ногдол ашгаар эрчим хүчний салбарт 18 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх байсан юм.
Тэрбээр “Юмтай байх нэг хэцүү, юмгүй байх нэг хэцүү гэж юутай үнэн үг вэ.
Оюутолгойн ногдол ашгийг энэ ЗГ-ын үед анх удаа авахаар болж, тарааж үрэх биш эрчим хүч, дэд бүтэц, боловсрол руу хөрөнгө оруулъя гэж төсвийн төсөл өргөн барьсан ч попорч чарласаар байгаад үгүй хийж санаа амарцгаалаа даа. Одоо хэрэлдэх ч юмгүй амар боллоо. Зарим гишүүд сайхан гацаалаа, унагалаа гээд бөөн баяр болж буй биз ээ...
10 аймагт баригдах дулааны станц гацаатай хэвээрээ үлдэх нь. ДЦС-3-ын жагсаалтаас гарсан 5-р турбогенераторыг солих ч өнгөрөв. ТЭЦ-6 бүр үлгэр боллоо. Захаас нь л дурьдахад энэ.
Жич: 10 аймгийн төсөл авлига хулгайгаас болж тасалдаагүй, гүйцэтгэгч Солонгосын компани дампуурснаас болж зогссон. Авлига хулгайн асуудал байгаа бол тусдаа шийднэ биз. Ямар ч байсан моралийн элэгдэлд орж бүр их алдагдалд орохоос өмнө өөрсдөө хөрөнгөө гаргаж шуурхай ашиглалтад оруулах ёстой” гэжээ.


