Б.Дэлгэрсайхан сайд БНХАУ-ын хөрөнгө оруулагчийг 1.89 тэрбум ам.доллароор хохироосон гэв үү

Улс төр
Admin
Унших: 3 мин 6 сек
10
ee74e15b-7982-45c9-89c0-b42189996832 (1).webp

Хоёр хоногийн өмнө Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ли Сяомины 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг "дээрэмдсэн" байж болзошгүй агуулга бүхий эрэн сурвалжлах нэвтрүүлэг олон нийтэд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын дэд бүтцийн салбарыг толгойлж буй сайд хүн ямар асуудалд нэр холбогдов гэх асуулт олон нийтийн дунд үүсээд буй. Тэгвэл сэтгүүлч С.Бүдрагчаагийн ИХ ЗАМЫН "ДЭЭРЭМЧИН" нэвтрүүлэгт Б.Дэлгэрсайхантай холбоотой ямар ХЭРЭГ ХӨНДӨГДӨВ.

-АСУУДАЛ ХЭЗЭЭ ЭХЭЛСЭН БЭ-

Нэвтрүүлэгт дурдагдсанаар Б.Дэлгэрсайхан болон БНХАУ-ын хөрөнгө оруулагч гэх Ли Сяомин нарын харилцаа 2006 оноос эхэлжээ. Энэ талаар Ли Сяомины охин Ли Бо "Б.Дэлгэрсайхан аавын нэг танилаар дамжуулж уурхайн төсөл дээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Үүний дараа англи хэлтэй хүнийг дагуулж Бээжинд ирж, аавтай уулзсан. Тэрээр тухайн үед Баянголын төмрийн уурхай буюу Ерөө голын төмрийн уурхайг хамтран ашиглах санал тавьсан. Мөн тухайн компанийг өөрөө 100 хувь эзэмшдэг гэж бидэнд хэлсэн" гэв. Ингэхдээ Ли Сяоминтай хийсэн уулзалтаараа өөрийнх нь эзэмшил бүхий Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Ерөө нэртэй 1405.41 га газрыг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглан хайгуул хийж, баяжуулах үйлдвэр барьж өгөөд үр өгөөжийг нь хуваан хүртэх санал тавьсан гэж нэвтрүүлэгт дурдав. Мөн түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн газрыг Б.Дэлгэрсайхан яагаад 100 хувь эзэмшдэг болсон бэ гэх асуудал ч нэвтрүүлгийн үеэр хөндөгдөөд амжжээ.

-АСУУДАЛ ХЭРХЭН ӨРНӨВ-

Ийнхүү Хятадын талын хөрөнгө оруулагчидтай ярилцсаны дүнд анх Хятадын тал 53 хувь, Б.Дэлгэрсайхан 47 хувийг эзэмшихээр тохиролцож байсан гэнэ. Хэлцлийн дараа Хонгконгийн компаниас эхний хөрөнгө оруулалтыг шилжүүлсэн баримт нэвтрүүлэгт дурдагдах ба эл шилжүүлгийн дараагаар талууд "Болд төмөр ерөө гол" гадаадын хөрөнгө оруулалттай компанийг үүсгэн байгуулж, хэд хэдэн лицензээ бүртгүүлээд компанийн 53 хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ли Сяомин, 47 хувийг Б.Дэлгэрсайхан эзэмшжээ. Асуудал үүсэх хүртэл Ли Сяомин бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцсон гэдгийг түүний охин нэвтрүүлгийг үеэр дурдсан юм. Цаашилбал хоёр тал ярилцаж, 129 км өөрсдийн төмөр замыг хүртэл барьсан ба үүнд Ли Сяомин 460 сая ам.долларыг зарцуулсан гэв.

Ли Сяомины охин "Б.Дэлгэрсайхан монголын "Ерөө гол" компанийг зээлдэгчээр бүртгүүлж, өөрөө хувийн баталгаа гарган, миний ааваас 100 сая ам.доллар санал тавьсан. Үүний улмаас аав Швейцарын банкнаас 120 сая ам.долларын зээл авч, бүтээн байгуулалтад зарцуулсан. Ийнхүү 2006-2013 оны хооронд буюу найман жилийн хугацаанд хятадын дотоодын санхүүгийн байгууллагуудаас шууд болон шууд бус хэлбэрээр нийтдээ 1.89 тэрбум ам.долларын санхүүжилт босгосон" гэжээ. Өөрөөр хэлбэл, уурхайн бүтээн байгуулалтад энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулсан гэв.

Гэвч энэ хэмжээний хөрөнгө оруулалт авсны дараагаар гадаадын хөрөнгө оруулагчдад виз өгөхөө больсон талаар "Болд төмөр, ерөө гол уурхайн бүтээн байгуулалт хариуцсан инженер Ван Юйшен дурджээ. Ли Сяомины охин "Б.Дэлгэрсайханы амлалт бүрэн хэрэгжихээ больсон. 2014 оноос өнөөг хүртэл уурхайн олборлолт, үйл ажиллагааны орлогоос хятадын тал болон дотоодын дөрвөн санхүүгийн байгууллага зээлийн үндсэн төлбөр, хүүгээс нэг ч төлбөр төлөөгүй. Удаа дараа шаардлага хүргүүлсэн ч янз бүрийн шалтаг хэлж, хариуцлагаас зугтсан" гэв. Харин Б.Дэлгэрсайханы зүгээс өөрийг нь гүтгэж байна, Бээжингийн арбитрын шүүх дээр гурван удаа ялсан гэх тайлбар өгөөд буй юм.

-ШҮҮХ ДЭЭР ЮУ БОЛОВ-

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын төмөр замын тээврийн дунд шатны шүүх 2023 онд хуралдаж, Б.Дэлгэрсайханд холбогдох хэргийг хэлэлцээд "Болд төмөр ерөө гол" компанийн ашиглаж буй 2007 ширхэг төмөр замын вагоныг төмөр замаар нэвтэрсэн даруйд нь хураан авч, битүүмжлэх саналыг хангаж шийдвэрлэсэн баримтыг нэвтрүүлэгт дурдсан байх аж.

Асуудлын учир нь Б.Дэлгэрсайханд бус үүнээс шалтгаалж Хятадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахаас болгоомжлох уур амьсгалыг бий болгосон тул Б.Дэлгэрсайхан хариуцлагаа хүлээх ёстой гэх байр суурийг Ли Сяомины охин илэрхийлсэн юм.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы нэр холбогдсон эл асуудлын талаарх нэвтрүүлгийг дараах линкээр үзэх боломжтой

НУУЦ МАТЕРИАЛУУД: ИХ ЗАМЫН "ДЭЭРЭМЧИН"