Н.Энхбаяр: Бид дараа нь харамсахгүйн тулд нүүрсний экспортын оргил үеийнхээ орлогоос Баялгийн сандаа ахиу хуримтлуулах ёстой

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 16 мин 35 сек
00
c5e6ca21-e03b-4ee9-aee5-87f85b2ff031.webp

"Юу байна" подкастын ээлжит зочноор эдийн засагч Н.Энхбаярыг урьж ярилцлаа. Түүнтэй 2027 оны төсөв, Оюутолгойн ногдол ашиг тойрсон эдийн засгийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна

-Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж буй энэ цаг үед таниас төсөв дээрх зарим бодлогын асуудлуудад байр суурийг тань сонсохоор урьсан юм. Юун түрүүнд ярилцлагаа цаг үеийн асуудлаас эхэлье. Энэ удаагийн төсөв дээр өрнөсөн гол асуудал Оюутолгойн ногдол ашиг түүний хуваарилалтын эргэн тойронд байлаа. Хэдийгээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулиараа Хуримтлалын санд хуримтлагдах ёстой боловч төсөв рүү хоёр их наядыг оруулна гэх агуулга нь нэлээн шүүмжлэл дагуулаад явчихсан. Та энэ асуудалд ямар байр сууринаас хандав?

-Жил бүрийн намар УИХ ирэх оны төсөв, мөнгөний бодлогын асуудлыг хэлэлцэн баталдаг. Саяхан төсвийн тодотголоо баталж, одоо төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн анхаарал ирэх оны төсөв, түүний зарцуулалт руу чиглэж байна. Тэдгээрийн нэг нь өөрийн тань асуусан Оюутолгойн ногдол ашиг. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголт байна. Нэг компаниас ногдол ашиг аваад иргэдэд өгөх гэж буй мэт ойлгогдоод байна шүү дээ. Гэтэл эдийн засаг тэр дундаа макро эдийн засаг судлаачдын хувьд ногдол ашиг гэдэг нь нэг компаниас аваад л нөгөөд өгчих тухай асуудал биш. Цэнхэр, ягаан тасалбар гэдэг шиг асуудал ч биш. Энэ бол илүү өргөн хүрээний асуудал юм. Ингэхдээ ногдол ашиг түүнийг хэрхэн зарцуулах, ТӨК, түүний удирдлага менежмент гээд макро эдийн засгийн бүхэл бүтэн тогтолцооны нэг хэсэг. Тогтолцооны түвшинд авч үздэг гэсэн үг. Нэг л удаа хийгдэх ажил биш.

2010 оны үед ОУВС болон бусад улсын дэмжлэг, Чилл улсын жишгээр Тогтворжуулалтын санг байгуулсан. Энэ сан нь уул уурхайн салбараас хамааралтай Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд бий болдог орлогоо хэрхэн зөв удирдах вэ гэдэг удирдлага, менежментийн асуудал. Өмнө нь бид уул уурхайн салбараас хамаарал багатай байсан. Үндсэндээ төсвийн орлогын хувьд ч аж үйлдвэр, ХАА-н салбар манай эдийн засгийн суурь байсан. 2006 оноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж, 2013 онд Оюутолгойн ил уурхай ашиглалтад орсон зэргээс шалтгаалж эдүгээ төсвийн орлогын 30 гаруй хувийг уул уурхайгаас бүрдүүлж байна. Гэвч төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж буй энэ орлого маань харамсалтай нь тогтвортой бус байна. Дэлхийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, маш их хэлбэлздэг болохыг өнгөрсөн жилүүдэд маш их мэдэрсэн. Энэ хэлбэлзлийг багасгаж, орлогоо тодорхой санд хуримтлуулж байгаад түүгээрээ бүтээн байгуулалт хийе гэсэн агуулга бүхий тогтолцоо юм. Бид Чилл улсын жишгийг хуулбарласан. Гэхдээ түүнээс сайн хуулбарласан нь ч бий. Муу буюу алдаа мадагтай хуулбарласан нь ч бий. Сайн жишээ нь, Чилл зэсийн экспортоор давамгайлдаг улс учраас бидэнд үнийн тогтворжуулалт гэдэг агуулга дээр "зөвлөмж" болдог. Нүүрс, зэсийн үнэ олон жилийн дунджаас давсан үед тухайн орлогоо тогтворжуулалтын санд төвлөрүүлнэ. Гэтэл энэ нь манай улсын жишээ дээр арай өөр байсан. Үүнд зөвхөн үнийн тогтворжуулалт бус биет хэмжээний савлагаа байсан.

Одоогоос 5-6 жилийн өмнө бид нүүрсний биет хэмжээ дээр 20-30 сая тонны тухай л ярьдаг байлаа. Гэтэл өнөөдөр 100 сая тонны тухай ярьж байна. Үүний хооронд маш их савлагаа байна шүү дээ.

Хоёрдугаарт, үнийн савлагаа байна. Биет хэмжээ савлаж буй шалтгаан нь БНХАУ-ын эрэлт хэрэгцээ нөгөө талдаа манай дэд бүтцийн хүчин чадал. Үүнээс болоод нүүрсний экспортоо тогтвортой байлгаж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Магадгүй одоо л тогтворжих тал руугаа орж байна. Тэгэхээр агуулга нь энэ юм. ЭТТ ч байна уу, Оюутолгой ч байна уу хамаагүй. Уул уурхайн орлогоосоо хуримтлуулж байгаад түүгээр өдөр тутмын хэрэгцээг хангах бус ирээдүйн эдийн засгийн өсөлтийг дэмжих суурь дэд бүтцээ хөгжүүлэх тухай асуудал юм. 5-6 жилийн өмнө Дэлхийн банк "Монгол Улсын дэд бүтцийн салбарын үнэлгээ" гэх судалгааг хийсэн. Нэлээн сайн судалгаа. Энэ судалгаанд "Монгол Улсын эдийн засгийг цаашид тогтвортой өсгөхөд дэд бүтцийн салбарын хөгжил маш чухал байна" гэж дүгнэсэн. Үүнд эрчим хүч, төмөр зам, авто зам зэрэг салбар дахь асуудлууд эдийн засгийн хөгжлийн гацаа болж байна гэж үзсэн. Хэрэв энэ гацааг тайлж чадвал Монгол Улсын эдийн засаг цаашид тогтвортой өснө гэдгийг эл тайлангаар үнэлсэн. Харамсалтай нь, бид эл тайлан дахь зөвлөмжийн дагуу юм хийж чадсан уу гэвэл бага. Дэд бүтцийнхээ асуудалд мөнгө зарцуулъя гэхээр хуримтлуулсан мөнгө бага. Хувийн хэвшил багахан хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Улсын төсвөөс мөнгө зарцуулъя гэхээр нөгөө мөнгө нь улсын төсвийн "тогоо"-нд ороод хөдөө орон нутгийн соёлын төв, сургууль цэцэрлэг болоод тараагдаад явчихдаг. Тиймээс их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай цахилгаан станц, төмөр замаа барих мөнгө бидэнд байгаагүй.

Харин бид цаашид нэн шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд Үндэсний баялгийн сангаасаа хуваарилалт, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үүнийг ойлгож байж Оюутолгойн ногдол ашгаар юу хийх вэ гэдэг агуулгаа ойлгоно.

Нэг ёсондоо, бидэнд шийдэх ёстой асуудал байна. Монгол Улсын ирэх 20,30 жилийн хөгжлийн суурийг тавих ёстой дэд бүтцийн салбар хоцрогдсон. Түүний гацааг гаргая гэхээр хөрөнгө оруулалт маань дутагдалтай байна. Гадаадын хөрөнгө оруулалт татъя гэхээр дэд бүтцийн салбар маань өрсөлдөх чадвар багатай, хөрөнгө оруулагчдын сонирхлыг төдийлөн татахгүй. Бид үүнийг өнөөдөр байтугай өчигдөр хийх ёстой байсан. Тэгэхээр энэ мэт дэд бүтцийн асуудлуудаа шийдэхийн тулд бидэнд хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. Тухайн эх үүсвэрийг бүрдүүлж буй зүйл бол уул уурхайн салбарын оролцоотой ТӨК-иуд. Монгол Улс авч буй ногдол ашгаараа энэ тэргүүний салбартаа зарцуулах нь зөв. Энэ бол зөвхөн төмөр замын асуудал биш. Эрчим хүчний асуудал ч байна. Өнгөрсөн өвөл Улаанбаатар хот маань хөлдөхөд тун ойрхон байсан. Нэлээн хэдэн жилийн өмнө Багануур дүүрэг эрчим хүчний дутагдлаас болж хөлдөж ч байсан. Өвлийн оргил цагийн ачааллаа импортын эрчим хүчээр давдаг. Ийм хүнд байдал одоо ч хэвээр үргэлжилж байна. Энэ байдлыг даван туулахын тулд бид эрчим хүчний хараат бус байдал чухал.

Эрчим хүчний салбарт гарцаагүй нэн яаралтай хөрөнгө оруулалт хэрэгтэй. Иргэдэд хуваах мөнгөнөөс илүү төсвийн багахан хөрөнгө оруулалтаар шийдэгдэх боломжгүй эрчим хүчний асуудал амин чухал. Иргэдийн гар дээр очих мөнгийг төсвийн замаар шийдэх бүрэн боломжтой.

-ЗГ дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх саналаа буцаан татсан. Гэхдээ татаагүй байх үед гишүүдийн зүгээс ногдол ашгаар ахмадуудынхаа тэтгэврийг нэмье, тэтгэврийн сангаа мөнгөжүүлье, бэлэн мөнгөөр нь тараах эрх зүйн орчныг бүрдүүлье гэхчлэн олон санал гарсан. Зүй нь аль юм бэ?

-Төсвийг яаж хэлэлцдэг вэ гэдэг тогтолцоогоо сайжруулахгүй бол учир дутагдалтай байдал үүсэж буй юм. 20-иод жилийн өмнө Засгийн газраас өргөн барьж байсан улсын төсөв гуравхан хуудас л байсан. Одоогийнх шиг 100 хуудас байгаагүй. Танилцуулгатайгаа нийлээд арваадхан л хуудас байсан юм. Тэр үед Монгол Улсын Төсвийн тухай хууль биш ирэх оны төсвийг батлах тухай хуулийн төсөл гэж явдаг байсан. Түүнээс хойш төсвийн тухай хууль, тогтолцоо маш өөр боллоо шүү дээ. Бид төсвөө хуулийн хэлбэрт орууллаа. Хоёрдугаарт, одоо Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хууль гэж бий. Эл хуулиар УИХ-д өргөн барьж буй бүхий л хууль тогтоомжууд тодорхой шаардлагыг хангаж орж ирэх ёстой. Судлагдсан байх ёстой. Жишээлбэл, ногдол ашиг тараая гэж байна. Яагаад тараах гэж байгаа юм, тараасны дараа ямар ач холбогдол бий болох юм, инфляц мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлөх юм уу зэрэг асуултуудад хариулт өгөхүйц судалгаа, тооцооллын танилцуулгатайгаар хуулийн төслийг өргөн барих ёстой. Харамсалтай нь Хууль тогтоомжийн тухай хуулийг батлах явцдаа 12.3 дугаар заалтаар хэд хэдэн хуулийн төслийг энэ хуульд хамаарахгүй гээд хасчихсан. Жишээлбэл, түүнд Төсвийн тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол, гүйцэтгэл, ЗГ-ын өрийн стратеги гэсэн баримт бичгүүдийг багтаасан. Гэтэл энэ нь УИХ-ын гишүүдийн хүсээд байгаа зүйл. Хэрэв энэ хуульд хамааралтай гээд орчихсон байсан бол ЗГ төсөв өргөн барихдаа хамтатган судалгаа өргөн барих байсан. Гэтэл одоогийн нөхцөлд төсвийн бүх тогтолцоонд тийм судалгаа алга байна. Тиймээс төсөв хэлэлцэж буй 40-өөдхөн хоногийн дотор гишүүд үүнийг судалж, ойлгоно гэвэл учир дутагдалтай. Анхны хэлэлцүүлэг бол төсвийнхөө талаар ойлголт авах хэлэлцүүлэг шүү дээ. Гол хэлэлцүүлэг нь 2,3 дугаар хэлэлцүүлгээр л өрнөж байна. Хэлэлцүүлэг 14 хоног дотроо үргэлжилнэ. Тэгэхээр энэ богино хугацаанд гишүүн ямар ч зөв, оновчтой санал гаргаад түүнийгээ зөв гэж батлаад, гишүүд түүнийг нь ойлгож дэмжихэд цаг хугацаа бага.

Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд Төсвийн тухай хуулиа бусад хууль тогтоомжийн адилаар судалгаа хийж цуг өргөн барьдаг байх ёстой. Тэгж чадвал оновчтой шийдвэр гаргах тогтолцоо бий болж чадна.

УИХ ч төсөв батлах Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхээ эдлэхдээ өргөн барьж буй хуулийн төслүүдэд хатуу шаардлага тавих ёстой. Үүний тулд жил бүр өргөн барьдаг төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, тодотголыг Хууль тогтоомжийн хуулийн дагуу судалгаа, шинжилгээтэй өргөн барих ёстой.

-Бид дараа харамсахгүйн тулд нүүрсний экспортын оргил үеийнхээ орлогоос аль болох ахиу Баялгийн сандаа хуримтлуулах ёстой-

11063b84-3f09-4d05-89e3-c61602cc9f90.webp

-Бодлогын хувьд ийм асуудал байгаа юм байна. Тэгвэл ногдол ашгаар төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх нь зөв юм уу. Эсвэл бэлэн мөнгөөр тараах нь зүй юм уу. Бэлэн мөнгөөр тараалаа гэхэд эргээд эдийн засагтаа ямар үр дагаврыг дагуулах юм бэ?

-Гишүүд наадхыг чинь л чуулган дээр асуугаад байгаа биз.

-Тийм ээ?

-Тэгэхээр Засгийн газар үүнд нь хариулт өгөөгүй байна гэсэн үг шүү дээ. Үүнд нь бэлэн хариулт өгөх хэмжээний судалгааг хийгээгүй, дутуу өргөн барьсан учраас асуулт үүсээд байна. Бидний хувьд, макро эдийн засагтаа сөрөг үр дагавартай шийдвэрийг битгий гаргаасай л гэж хүснэ. Энэ бол инфляцыг өдөөх шийдвэр. Оны эхний есөн сарын байдлаар инфляц 12.9 хувьтай байна. Цаад үндсэн шалтгаан нь хүнсний үнийн инфляц болохыг судлаачид, Монголбанкныхан, олон улсын байгууллагууд тайлбарлаад байна. Энэ дотроо махны үнэ дагаад бензин шатахууны үнийн өсөлт байна. Гэхдээ бензин шатахууны үнэ биднээс хамаарахгүй. Мах болон хүнсний бүтээгдэхүүний хангамж дутагдзалтай байна. Үнэ өснө гэдэг бол иргэдийн худалдан авах чадвараас илүүтэйгээр нийлүүлэлт нь дутагдалтай байгааг харуулж байна. Ялангуяа богино хугацаанд. Тэгэхээр энэ нийлүүлэлтээ тогтворжуулж чадаагүй тогтолцоо байхгүй тул иргэдийн гар дээр их хэмжээний мөнгө өгөх нь ирэх жилийн инфляцыг өдөөх эрсдэлтэй. Монголбанк үүнийг жолоодож чадахгүй. Бид ургацаа ахиу авч чадаагүй бол, махаа ахиу нөөцөлж чадаагүй бол Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хэд дахин өсгөөд ч инфляцын эсрэг ямар ч нөлөөлөл байхгүй. Нэг ёсондоо, бэлэн мөнгө тараавал бид жолоодлогогүй сөрөг үр дагавартай арга хэмжээ рүү орно. Тэгэхээр нийлүүлэлтээ тогтворжуулж чадаагүй байж иргэдийн гар дээр их хэмжээний мөнгө тараана гэдэг нь нэг зүйл хийх гээд нөгөөхөө эвдэж байгаагаас өөрцгүй. Энэ тогтолцооны асуудлаа бид харах ёстой. Гэтэл 20 жил бид үүнийг хийж чадсангүй. Нөгөө л соёлын төв, сумын авто зам гэдэг зүйлсээ ярьсаар ирлээ. Тойргийнхоо эрх ашгийг урдаа тавьж, олсон мөнгөө жижиг жижиг хэсэгт тарааж дууссаар суурь асуудлаа шийдээгүй. Тэгэхээр өнөөдрийн нөхцөлд суурь дэд бүтцийн асуудлаа шийдэж байж Монгол Улсын хөгжил цаашид тогтвортой өсөлтөд хүрнэ. Ирэх оны эдийн засаг дээр яг л ийм төлөв харагдаж байгаа. Тиймээс макро эдийн засаг судлаач бидний хувьд илүү урт хугацааг харж байна.

Зөвхөн маргаашийн тухай биш. Зөвхөн 2027 онд худалдаж авах мах, гурилын асуудал биш. Түүнээс илүү амин чухал асуудал нь бидний хойч үеийн эрх ашиг юм. Өнөөдөр бид шийдэж чадалгүй ирсэн төмөр зам, дэд бүтцийн асуудлаа шийдчихвэл дараагийн үеийнхэн маань тогтвортой орлоготой, тогтвортой эдийн засгийн сууриндаа хүрнэ. Түүний төлөө бид амьдрах ёстой.

Монгол Улсын эдийн засгийн суурь нь жижиг байхгүй юу. ДНБ маань 100 их наяд л хүрч байна. Хүүхдээр бол өсөлт нь өсвөр насандаа яваа. Цаашид өсөх магадлал өндөр. ОУ-ын байгууллагууд ч энэ дүгнэлтийг өгч байгаа. Тэр өсөх ирээдүй нь уул уурхай, дэд бүтцээс шалтгаална гэдгийг ОУ-ын байгууллагууд хэлж байна.

Ойрын жилүүдэд Монгол Улсын экспорт тэлэх нь тодорхой байна. Түүнийгээ бид баталгаажуулахын тулд дэд бүтцийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал орлого маань тогтвортой болох бүрэн боломжтой.

-Ногдол ашгийн асуудал яригдаж эхэлснээс хойш Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа л тойроод яриад байна л даа. Тэгвэл Үндэсний баялгийн сангийн тухай хууль маань өөрөө байгалийн баялгийг иргэдэд хүртээх, түүнээс олсон орлогоо хадгалж хуримтлуулах мөн чанараа хэр хадгалсан гэж хардаг бэ?

-Уул уурхайн баялагтай олон оронд ийм бэрхшээл бий. Зөвхөн монголд биш. Олон оронд баялгаа яаж удирдах вэ, хуваарилах вэ гэдэг бэрхшээл байдаг. Иргэд нь бүгд л ахиу цалин мөнгөтэй болохыг хүсдэг. Гэхдээ макро эдийн засгийн шаардлагаар хүссэнийх нь зоргоор мөнгө тараагаад байж болдоггүй. Нөгөө талдаа тэдгээр иргэдийн худалдан авахыг хүссэн барааны нийлүүлэлт байхгүй бол эдийн засгаа хорлож байгаатай адил зүйл. Тиймээс улс орныхоо суурь асуудлыг шийдэхийн тулд Баялгийн сан зайлшгүй хэрэгтэй. Өнөөдрийнхөө тансаг хэрэгцээнд зарцуулаад өнгөрөх бус ирэх жилүүдэл бий болох суурь хэрэгцээгээ хангах явдал юм. Үндэсний баялгийн сангийн тухай хууль энэ агуулгаар боловсруулагдаж, батлагдсан. Баялгийн сан маань дотроо Хуримтлалын сан, Ирээдүйн өв сан, Хөрөнгө оруулалтын сангаас бүрдэж байна. Гол нь, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа аятайхан боловсруулаад баталчихсан ч орлогоо бүрдүүлэх эх үүсвэр талдаа засварлах ёстой зүйл бий.

Цаашид орлогоо арвижуулахын тулд нүүрс дээр биет хэмжээний тогтворжуулалт хэрэгтэй. Зэс дээр үйлдвэрлэлийн процесс орж байгаа учраас нүүрс шиг савлахгүй. Олборлолт нь хэвийн явж байгаа нөхцөлд Баяжуулах үйлдвэрээс гарах зэсийн хэмжээ тогтвортой өснө. Хоёрдугаарт, энэ нь металл. Нүүрс бол металл биш шүү дээ. Түгээмэл тархацтай ашигт малтмал учраас хаанаас л бол хаанаас олборлож болно. Гагцхүү чанарын ялгаа л байна. Тэгэхээр бид тодорхой цаг үед харамсахгүйн тулд нүүрсний экспортын оргил үеийнхээ орлогыг аль болох ахиу Баялгийн сандаа хуримтлуулах ёстой.

Манай хуваарилалтын хуулиар тогтоосон механизм нь үүнийг зохицуулаагүй. Зөвхөн үнэ дээр. Жишээлбэл, нүүрсний үнэ буурчихсан учраас нүүрснээс Тогтворжуулалтын санд орох мөнгө байхгүй. Зөвхөн зэснээс орж байгаа. Гэхдээ нүүрсний биет хэмжээ нь өсөөд байдаг. Тэгэхээр бид ийм байдлаар орлого талын механизмаа эргэн харах ёстой.

-Хүлээн авах талдаа асуудалгүй бол Монгол Улсын нүүрсний экспорт ирэх жилүүдэд өснө. Мөн ирэх онд 2.2 сая тонн зэсийн баяжмал экспортлох болов уу-

78250bd3-a908-465b-9180-3b91a43a2d91.webp

-Үргэлжлүүлээд хоёул төсвийн үндсэн үзүүлэлтүүдтэй холбоотой асуудлаар ярилцъя. Юун түрүүнд ЗГ-аас өргөн барьсан энэ удаагийн төсөв төсвийн тусгай шаардлагаа хэр хангаж чадав. Нөгөө талдаа тооцоолол тал дээр хэр бодитой, оновчтой байв?

-Төсвийн тусгай шаардлагуудаа хангаж байна гэдгээ ТТБЗ болон аудитаас танилцуулсан. Санаа зовж байгаа хоёр л асуудал бий. Нэгдүгээрт, орлогын төсөөлөл 43 их наяддаа хүрэх үү. Хоёрдугаарт, ЗГ-ын өр их хэмжээгээр нэмэгдэх гэж байна. Үүнээс үүдэж ирэх жилүүдэд ачаалал бий болох уу гэдэг асуудал. Энэ хоёр асуудал дээр л ЗГ байр сууриа тодорхой хэлэх ёстой. Ирэх жилүүдэд орлого яагаад тогтвортой байна гэж үзэж байгаагаа нотлох ёстой.

-Ирэх онд 110 сая тонн нүүрс, 2.1 сая тонн зэс экспортлох зорилт тавьсан. Гадаад нөхцөл байдал боломжийн түвшинд байгаа боловч ирэх онд экспорт тал дээр ямар нэг сорилт байна уу. Энэ зорилт хангагдах болов уу. Та юу гэж харж байна?

-Оны эхний есөн сарын статистик мэдээллийг харвал, нүүрсний экспорт өсөж байна. Зэсийн баяжмалын биет хэмжээ болон орлого маш сайн өсөж байна. Гуравдугаарт, ноолуурын экспорт 37 хувиар өссөн.

Ирэх онд итгэлтэй байж болох зүйл бол ЗЭС. Зэсийн үнэ тогтвортой өсөх магадлалтай байгаа тул ирэх онд төсвийн орлогод жин дарах салбар болно.

Дэлхийн зах зээл дээр бүх салбарт зэсийн эрэлт нэмэгдэж байна. Энэ салбарт бидэнд санаа зовох зүйл алга. Оны эхний 9 сард зэсийн экспорт нийт экспортын 43.7 хувийг эзэлж байна. Ирэх жил өсөөд 45-46 хувьд ч хүрэх боломжтой.

Одоо гагцхүү төсвийн орлого дээр илүү эрсдэлтэй гэж үзэх нь нүүрсний л асуудал байна. Хятадын зах зээлийн эрэлтийг бид тэр бүр нарийн таамаглаж хэлэхэд хэцүү. Богино хугацаанд л таамаглаж болно. Гашуунсухайт Ганцмодны төмөр замын хил холболт ирэх онд дуусч, тээвэрлэлт тасралтгүй явбал ирэх онд илүү найдвартай болно. Гол нь хүлээж авч байгаа талын буулгах байгууламж нь хэр байгаа вэ гэдгийг бид судлах ёстой.

Хүлээн авах талдаа асуудалгүй бол Монгол Улсын нүүрсний экспорт ирэх жилүүдэд өсөх нь тодорхой болж байна. Олборлолт тал дээр бидэнд асуудал байхгүй.

-Та яриандаа ирэх жилүүдэд зэсийн салбар тогтвортой байх төлөвтэй байгааг дурдлаа. Энэ утгаараа зэсийн экспорт дээр нэлээн хүлээлт байна. 2025 онд ч төсвийн орлого тасалдах нөхцөл бүрдэхэд зэсийн орлогоор нөхөж байсан. Тэгвэл цаашид ч зэсийн эрэлт тогтвортой байна гэвэл бид дотооддоо өөрсдөөс хамаарах ямар хүчин зүйл дээр анхаарах шаардлагатай вэ?

-Тэгэлгүй яахав. Маш чухал асуудал. Ойрын хугацаанд манай улсад уул уурхайн салбарыг орлохуйц экспортын салбар байхгүй. Харамсалтай нь Монгол Улсын экспортын 97 хувь нь уул уурхайн түүхий эд байна. Гуравхан хувь нь боловсруулах салбар байна. Тэгэхээр ойрын 4-5 жилдээ эзлэхүүний хувьд энэ байдал хэвээр байна.

Экспорт дотор нүүрс, зэс хоёр байраа сольж байна. Одоогийн ашиглаж буй Эрдэнэт, Оюутолгойн ил болон далд уурхай байна. Ирэх онд нийт 2.2 сая тонн зэсийн баяжмал экспортлох байх.

Өнгөрсөн онд Оюутын орд нөөц нь тогтоогдоод, ашиглалт тал дээр бэлэн байдалд орсон. Энэ нь ил уурхай учраас үйл ажиллагаа нь эхлээд олборлолт эхэлтэл жил хагасын л асуудал байна. Тиймээс экспорт ч дагаад нэмэгдэх боломж байна. Баянхонгор, Говь-Алтай аймагт алт, зэсийн ордуудын эрэл хайгуулаар нөөц нь хэдийнэ тогтоогдчихсон. 2-3 жилийн дараа шинэ уурхай ашиглалтад орох боломж ойр байна. Мөн зэс хайлуулах үйлдвэрийн төсөл. Энэ мэтчилэн зэсийн салбарт хийгдэж байгаа ажлууд маш зөв чиглэлд явж байна. Мөн УИХ-аас баталсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт ч байна.

-Цалин нэмнэ гэж ярихдаа тухайн салбарын бүтээмж хэрхэн өссөнийг цугт нь авч үзэх ёстой-

b6310626-5917-4400-9a47-40b1aac53c66.webp

-Саяхан төсвийн тодотголоор төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин болон ахмадуудын тэтгэврийг нэмэхээр болсон. Ирэх онд ч цалин, тэтгэвэр нэмэх агуулга тусаж байгаа. Энэ чиглэлд дэх бодлого дээр та ямар байр сууринаас ханддаг вэ?

-Тухайлсан нэг салбарын талаар яриад ирэхээр нэмэх шаардлагатай юм шиг л санагдана. Тэр хүмүүсийн цалин бага ч юм шиг санагдана. Гэтэл макро эдийн засгийн түвшинд авч үзвэл арай өөр хандлага гарч ирнэ. Тэгэхээр бид зөвхөн нэг өнцгөөр хандаж болохгүй. Энэ бол олон талын асуудал. Бодит цалин гэж юу вэ. Үүнийг шийдвэр гаргагчид маань маш сайн ойлгох хэрэгтэй. Хэдийгээр бид нэг удаа цалингаа нэмсэн ч нөгөө талдаа инфляц өсөөд, худалдан авах чадвар нь буураад байвал цалин нэмсний үр ашиг гарахгүй. Хоёрдугаарт, цалингийн өсөлт тухайн хүний бүтээсэн бүтээмжтэй шууд холбогдох ёстой. Бүтээмж нь өсөөгүй байхад цалинг нь нэмнэ гэдэг бол төсвийн алдагдал, инфляц л гэсэн үг. Улсын салбарт бүтээмжийн талаар бараг бодохгүй байна. Хувийн салбарт бүтээмж өссөн эсэхэд маш их анхаардаг. Гэтэл улсын салбарт ч бүтээмжид анхаарах ёстой. Тухайн ажилтан салбартаа хэр бүтээмжтэй ажилласан бэ, хэр өсгөсөн бэ гэдгийг харах ёстой. Гэтэл орчин үеийн технологи болон бусад арга зүйгээр бага орон тоогоор илүү их ажил хийх боломжтой. Энэ бол бүтээмжийн өсөлт. Тиймээс цалин нэмнэ гэж ярихдаа тухайн салбарын бүтээмж хэрхэн өссөнийг зайлшгүй анхаарч үзэх ёстой. Тэгэхгүй бол цалингийн өсөлт цаашид ч нэхэгдэнэ.

-Бодлогын хувьд оновчтой байх асуудлыг хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд дээр анхаарах шаардлагатай юм шиг. Учир нь би саяхан төсвийн хавсралтыг харж үзлээ. Зөвхөн соёлын төвүүдийг л харахад, 9-10 жил үргэлжилж байгаа барилга ч тэр дунд байна. Үүнээс харахад бид мөнгөгүйн биш мөнгөө зөв зарцуулж чадахгүйн зовлон байна уу л гэж хараад байна. Нөгөө талдаа төсөл хөтөлбөрийн эрэмбэ дараа гэдэг зүйл яригдах байх?

-Гарцаагүй. Одоогийн нөхцөлд салбарын яам өөрсдөө огт эрэмбэ тогтоохгүй байна. Эрэмбэлэх ажлыг Сангийн яам бүгдийг нь хийх гэж оролдож байна. Харамсалтай нь тэр олон салбарын ажлыг эрэмбэлэхэд маш төвөгтэй. Улмаар маргаан үүсдэг. Газар дээр нь очоод үзэхээр үнэхээр хачин, хачин төсөл маш их байна. Маш гоё сургууль бариад ашиглалтад өглөө гэтэл гаднаа нойлтой. 2026 он болж байхад гаднаа нойлтой сургууль бариад ямар учир утгатай юм. Маш их хөрөнгө зарж байгаа шүү дээ. 200 жилийн дараа гаднаа нойлтой сургуульд суухгүй нь тодорхой. Тиймээс ийм дутуу хөрөнгө оруулалт хийж болохгүй. Нэгэнт шинээр хийж байгаа бол стандартаа барих ёстой. Төсөл хөтөлбөрт тавих шаардлагаа чангатгах ёстой. Ийм байдлаар хөрөнгө оруулалтын удирдлагаа сайжруулах нь төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах маш чухал алхам болно.

Ярилцсанд баярлалаа