БАЙР СУУРЬ: Оюутолгойн ногдол ашиг буюу алаагүй баавгайн арьсыг 10 хуваах гэж байж юу ч үгүй хоцорсон уу

Монголчууд 17 жилийн дараа Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар болсон ч “Бэлнээр авна”, “Төсөл хөтөлбөрүүддээ зарцуулна”, “Баялгийн сандаа хуримтлуулна” хэмээн маргаж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдан, Оюутолгойн ногдол ашгаас төсөл, хөтөлбөрүүд санхүүжүүлэх нэг удаагийн хуулиа буцаан татсан юм. Өөрөөр хэлбэл, гурван их наядын ногдол ашгийг бүхэлд нь Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд байршуулна гэсэн үг. Тэгвэл дээрх үйл явдалд хэн хэн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
-Алаагүй баавгайн арьсыг 10 хуваах гэж байж аль ч үгүй боллоо-
УИХ-ын дарга С.Бямбацогт хэвлэлийнхэнд илэрхийлсэн байр суурьдаа “УИХ дээр олон янзын байр суурь гарснаас болж Засгийн газар арга буюу нэг удаагийн хуулиа татаж авлаа. Алаагүй баавгайн арьсыг 10 хуваана гэдэг шиг хоорондоо асуудал үүсгэсээр байгаад аль ч үгүй боллоо. Төсөв батлах үеэр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгнө. Тодруулбал, ногдол ашгийг баталгаажуулах, Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдралд хамгийн үр дүнтэй байхаар чиглэл өгсөн тогтоол гаргах байр суурьтай байна” гэв.
-Ногдол ашиг авах асуудал орхигдоогүй-
Ерөнхий сайд Н.Учрал ЗГ-ын ээлжит бус хуралдааны дараа сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ “УИХ-ын зургаан байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдсаны дараа харахад 235 санал гарсан байсан. Зарчмын зөрүүтэй гэдэг нэртэй зарчмын бус саналууд гарсан байна. Хэлэлцээр хийж ногдол ашиг авахаар тохиролцоод, УИХ-аар үүнийг албажуулах гээд явж байтал гишүүдээс 235 санал гарсан байгаа нь ЗГ-ын бодлоготой нийцэхгүй гэж үзэн, ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар хуулийн төслийг татан авлаа.
“И-Монголиа”-аар 106 мянган иргэн саналаа өгсний 57 хувь нь Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд ,боловсролдоо зарцуулъя гэж, 27 хувь нь “Хуримтлалын сандаа хадгалъя” гэж санал гаргасан байна. Харин ямар төсөл хөтөлбөрт зарцуулах вэ гэхэд 50.5 хувь нь эрчим хүчний салбарыг сонгожээ. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулъя гэсэн иргэдийн саналыг хүндэтгэж энэхүү хуулийн төслийг татан авлаа. Ингэлээ гээд ногдол ашиг авах асуудал орхигдож байна гэсэн үг биш. Ногдол ашиг авах асуудлаар харилцан тохиролцсон” гэв.
-Санал асуулгын дүнг ч харгалзаж үзээд хуулийн төслийг татсан-
Сангийн сайд З.Мэндсайхан “Иргэд олон нийтээс цахимаар санал авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 56 мянга орчим нь Хуримтлалын санд хадгалах мөн хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зээлдээ зарцуулъя гэсэн байна. Тэгэхээр бид санал асуулгын дүнг ч харгалзаж үзээд хуулийн төслийг татах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ” гэсэн юм.
-Оюутолгойгоос орж ирэх мөнгийг ард түмэндээ хүргэх бидний шаардлага бүрэн биеллээ-
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Оюутолгойгоос орж ирэх мөнгийг ард түмэндээ хүргэх бидний шаардлага бүрэн биеллээ гэж харж байна. Оюутолгойн мөнгө баялгийн сандаа үлдэж, хуулийн дагуу зарцуулах боломж нь нээгдэж байна.
Ер нь Баялгийн сангийн хуулийн дээгүүр даваад Засгийн газар төсөвтөө авч зарцуулах гэж байсан нь хуулийн хувьд ч буруу байсан. Үүнийг АН-ын бүлэг шаардлага тавьж засаж чадлаа” гэв.
-Урьдчилж бэлдсэн заль гэж харж байна-
УИХ-ын гишүүн Ө.Шижир “Зарчмын зөрүүтэй санал гаргадаг төсвийн гурав дахь хэлэлцүүлэг дуусангуут хуулиа татаад авчихлаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд дахин санал гаргах боломжгүй болонгуут хуулиа татаж байгааг урьдчилж бэлдсэн заль гэж харж байгаа. Үндсэндээ төсвөө задлахгүй гэсэн процесс явчихлаа гэв.


