Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянган га талбай түймэрт өртсөн гэх урьдчилсан мэдээлэл байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 7 сек
00
IMG_4681.webp

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газрын нийт талбайн 79.8 хувь буюу 468 мянга гаруй га газар түймэрт өртсөн урьдчилсан дүн гарчээ. Түймэр аравдугаар сарын 8-нд гарч, аравдугаар сарын 16-нд бүрэн унтраасан байна. Одоо байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа ч газар зүйн онцлогоос шалтгаалан зарим бүсэд нэвтрэх боломжгүй нөхцөл үүсжээ. .

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын мэдээлснээр, хохирол тооцох ажлын хэсэг байгалийн нөхцөл, газар зүйн онцлогоос шалтгаалан автомашин, мотоцикль, мориор нэвтрэх боломжгүй бүсэд ажиллахад хүндрэлтэй байгаа аж.

Иймд Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газраас техникийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шаардлагатай арга хэмжээ авах хүсэлт тавьжээ. Энэ хүрээнд нисдэг тэрэг ашиглах, хөрш улстай хамтран ажиллах боломжийг судалж байгаа юм.

Хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүй, ой, ургамал, хөрс, агаар, газрын хэвлий, зэрлэг амьтдын амьдрах орчинд учирсан нөлөөллийг хамруулан тогтоох шаардлагатай байна. Үүний тулд газар дээр нь үзлэг хийж, дээж авч, шаардлагатай шинжилгээ хийх юм.

Хуулийн дагуу хохирлын хэмжээг 30 хоногийн дотор тогтоох ёстойг сайд мэдээлсэн. Үнэлгээний үр дүнд үндэслэн байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх, шаардлагатай нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөх юм. .

Түймэр гарсан шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй тул шалтгааныг одоогоор урьдчилсан мэдээллээс цааш баталгаажуулан дүгнэх боломжгүй байна.