Шахмал түлш хүргэж өгнө гэх зар байршуулж, иргэд рүү утсаар залган залилах тохиолдлууд гарч байна

Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд шахмал түлш хүргэж өгөх нэрээр иргэдээс урьдчилгаа төлбөр авч залилан мэхлэх тохиолдол гарч байна.
Тодруулбал, “Шахмал түлш зарна, хүргэж өгнө” гэх хуурамч зар байршуулж, захиалгын үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан шилжүүлэхийг шаардах болжээ. Гэвч мөнгөө шилжүүлсэн иргэд түлшээ авч чадахгүй, санхүүгийн хохирол хүлээж байгаа аж.
Иймд иргэд цахим орчин дахь баталгаагүй зар, үл таних этгээдийн утасны дуудлагад болгоомжтой хандаж, урьдчилгаа мөнгө шилжүүлэхээс зайлсхийх шаардлагатайг анхаарууллаа.
“Тавантолгой түлш” компаниас шахмал түлшийг албан ёсны борлуулалтын цэгээс худалдан авахыг зөвлөсөн байна. Иргэд “Хотул” аппликэйшн ашиглах эсвэл иргэний үнэмлэхээ биетээр уншуулан түлшээ авах боломжтой.
Энэ халаалтын улиралд нийслэлийн хэмжээнд нийт 427 мянган тонн түлш хэрэглэхээр төлөвлөжээ. Үүнээс 120 мянган тонн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлш, 307 мянган тонн нь хагас коксон түлш байх юм.


