Г.Отгонтуяа: Би хэн нэгнээс өшөө авах бус хүүхдийн эрх, хүний эрхэм чанар зохих ёсоор хамгаалагдаасай гэж хүсэж байна

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг.
Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж давж заалдсан ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар эцсийн хувилбар болох дээд шүүхэд хандаад буй.
Тэгвэл энэ сарын 29-ний пүрэв гарагт УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр дээрх хэргийг хэлэлцэхээр болсон байдаг.
Талийгаач 16 настай Ш-ийн ээж Г.Отгонтуяа "2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан болох гэж байна.
Энэ өдөр бол бидний хувьд зүгээр нэг шүүх хурал болох өдөр биш ээ. Энэ бол сүүлийн 2-3 жил тээсэн зовнил, нулимс, итгэл найдвар, шударга ёсыг хүлээсэн хүлээлтийн нэгэн чухал өдөр юм.
Арван зургаахан настай…
Амьдралынхаа дөнгөж эхлэл дээр явсан охины минь хувь заяа, эрх нь зөрчигдсөн хэмээн үзэж буй асуудал, үнэн зөвөөр шийдэгдэх ёстой хэмээн итгэж буй энэ хэргийн төлөө ТА БИД эцсийн найдвараа тээн хүлээж байна
Ээж хүний хувьд үр хүүхдийнхээ төлөө хийж чадах бүхнээ хийхийг хичээж, үнэн зөвийг тогтоолгохын төлөө өнөөдрийг хүртэл тэмцсээр ирлээ. Заримдаа итгэл найдвар минь бөхөх шахаж, сэтгэл минь туйлдах үе байсан ч хайртай охиныхоо төлөө, шударга ёсонд итгэх итгэлийнхээ төлөө бууж өгөхийг хүссэнгүй.
Энэ удаад би ТА БҮХНЭЭСЭЭ нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж байна
10 дугаар сарын 29-ний өдөр охины минь төлөө, энэ хэргийн үнэн зөв, шударга шийдвэрийн төлөө сэтгэлдээ залбирч, сайн сайхныг хүсэж өгөөрэй.
Та ямар шашин шүтдэг, ямар итгэл үнэмшилтэй байх нь хамаагүй ээ.Зүгээр л нэгэн хүүхдийн хувь заяа, нэгэн ээжийн сэтгэлийн шаналлыг бодож, үнэн зөв, шударга шийдвэр гараасай хэмээн сэтгэлдээ ерөөж өгөхийг хүсэж байна.
Би хэн нэгнийг үзэн ядахыг бус, хэн нэгнээс өшөө авахыг бус, харин үнэн зөв тогтоогдож, шударга ёс биелж, хүүхдийн эрх, хүний эрхэм чанар зохих ёсоор хамгаалагдаасай гэж хүсэж байна.
Миний охины төлөө сэтгэл гаргаж, дуу хоолойгоо хүргэж, өнөөг хүртэл дэмжиж ирсэн хүн бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
10 дугаар сарын 29-ний өдөр та бүхний минь ерөөл, залбирал, сэтгэлийн дэм бидэнд хүрэх болтугай.
Нэгэн ээжийн чин сэтгэлийн хүсэлтийг хүлээн авч, охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй" хэмээжээ.



