Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах хүсэлт гаргажээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 17 сек
00
IMG_4685.webp

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн тогтоохын тулд ажлын хэсэг болон шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлт гаргажээ.

Тодруулбал, Халхгол сумын Засаг даргын 2026 оны А/132 дугаар захирамж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А/860 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, шинжээчдийн баг түймэрт өртсөн талбайд хээрийн судалгаа, хэмжилт хийж байна.

Тэд Ханчандмань уулын хусан ой, Хөтөл нуур болон Ар сүмийн хоолойн нарсан төгөл, Нөмрөгийн гол, Дэгээ гол орчмын түймэрт өртсөн бүсэд ажиллажээ.

Гэвч дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсгийн зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, гүн жалга зэрэг байгалийн саадтай тул автомашин, мотоцикль, морин уналгаар нэвтрэх боломжгүй байгаа аж.

Үүний улмаас хилийн зурвас орчмын түймэрт өртсөн ойн талбайн хэмжээ, шаталтын хамрах хүрээ, ойн гэмтлийн зэрэглэлээс гадна зэрлэг амьтдын амьдрах орчин, хөрс, ургамлан нөмрөгт учирсан хохирлыг бүрэн тодорхойлоход хүндрэл үүсжээ.

Иймд ажлын хэсэг, шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг өнөөдөр Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн байна. Одоогоор нисдэг тэрэг ашиглах боломжийг холбогдох байгууллагууд судалж байгаа аж.

Нисдэг тэрэг ашиглах боломж бүрдвэл газраар хүрэхэд хүндрэлтэй бүсэд агаарын тандалт, гэрэл зургийн баримтжуулалт хийж, түймэрт өртсөн талбайн хэмжээ, ойн гэмтэл, хөрс, ургамлын доройтол болон зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлсэн нөлөөллийг үнэлэх боломжтой юм.

Ингэснээр түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг илүү нарийвчлалтай тогтоож, нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой.