ДАРГА ХОТ | ТАНИЛЦ: НИТХ-ын 37 төлөөлөгч давхар УЗ болон ТУЗ-д харьяалагдаж 127 суудал "эзэлж" байна

Нийслэлийн бүтэц томорч, төсөв хөрөнгө данхайхын хэрээр түүнд тавих хяналт улам чангарах ёстой. Гэвч хяналт тавих ёстой албан тушаалтнууд нь "дарга" эгнээнд хэдийнэ нэгдэж, нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлд багтан ажиллаж буй талаар бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн.
Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ унших боломжтой
НИТХ-ын төлөөлөгчид нэг биш, хоёр ч биш зарим нь нэг дор долоон Удирдах зөвлөл, Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахаар хэдийнэ тушаалаа гардан авчээ. Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 10-ны өдөр нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилох тушаал гарчээ. Тус тогтоол ёсоор нийт 43 байгууллагад давхардсан тоогоор 287 хүнийг томилсон ба энэ дунд НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь багтсан. Тэд нийт 127 суудлыг эзэлж байна.
Тэгвэл 37 төлөөлөгч нарын аль, аль газрын Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлд багтсан талаар нарийвчлан танилцуулъя.


