The MongolZ Mobile Legends баг MCT EA тэмцээнд түрүүлж, M8 дэлхийн аваргад оролцох эрх авлаа

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 9 сек
00
5de4086a3fcdaa857cf236a62901057f.webp

Монголын The MongolZ баг Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын Зүүн Азийн аварга шалгаруулах MCT EA тэмцээнд түрүүлж, ирэх оны нэгдүгээр сард Туркийн Истанбул хотод болох M8 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн шатанд оролцох эрхээ авлаа.
Тус тэмцээн аравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотын M Bank Arena-д болж, The MongolZ баг их шөвгийн тоглолтод БНХАУ-ын DianFengYaoGuai (DFYG) багийг 5:3-аар хожиж аваргын цом хүртсэн юм.
Тэд өмнө нь доод хүснэгтийн шигшээ тоглолтод мөн БНХАУ-ын Guangzhou Gaming багийг 3:0-ээр буулган авч, их финалд шалгарсан байна.
Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулагч MOONTON Games болон Монголын цахим спортын байгууллага (ESN) хамтран “Immortality Armour” буюу “Үхэшгүй хуяг” хэмээх шинэ механикийг анх удаа нэвтрүүлжээ.
Тус механикийн дагуу давхар хасагдах журмын турш нэг ч хожигдолгүй явсан DFYG баг дөрвөн ялалт байгуулахад аварга болох давуу эрхтэй байсан аж. Гэвч The MongolZ баг дөрөв дэх ялалтаа байгуулснаар уг давуу эрхийг хүчингүй болгож, шийдвэрлэх тав дахь тоглолтод ялалт байгуулснаар аваргалсан байна.
Ингэснээр The MongolZ баг M8 дэлхийн аваргын үндсэн шатанд дэлхийн шилдэг 16 багийн хамт өрсөлдөх юм. Харин DFYG болон Guangzhou Gaming багууд Wild Card шатанд оролцож, үндсэн шатны үлдсэн гурван эрхийн төлөө өрсөлдөнө.
Түүнчлэн Улаанбаатар хотод зохион байгуулагдсан MCT EA тэмцээн нь MLBB-ийн дэлхийн аварга шалгаруулах M Series системтэй шууд холбогдсон Зүүн Азийн бүсийн анхны тэмцээн боллоо.

tenx-hd