НАЙЗ: Залуу насны гэнэн дурсамжаас амьдралын баяр гуниг хүртэл нэгнийхээ дэргэд байж, 20 гаруй жилийг нөхөрлөлөөр холбосон хоёр дуучин залуу

Ярилцлага
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 5 мин 54 сек
00
att.FiAzCwNXvi9U73DwPp2DlzkprgRxixm0sM--EBdsx38.webp

Нэг нь зөөлөн, нөгөө нь шулуун. Нэг нь найзынхаа төлөө чимээгүйхэн зүтгэж, нөгөө нь түүний амжилтад өөрийн мэт баярлана. МУСТА, дуучин П.Идэржавхлан, Н.Ундрал нарын хорь гаруй жилийн нөхөрлөл ийм л энгийн атлаа үнэ цэнтэй.

Хүн амьдралынхаа турш олон хүнтэй учирч, олон замаар алхдаг ч тэр бүх хугацаанд дэргэд нь үлдэх хүн цөөн. Залуу насны гэнэн дурсамж, амьдралын алдаа оноо, баяр гуниг, амжилт бүтээл гээд цаг хугацааны бүхий л өнгийг хамт туулсан хүмүүс л нэгнийхээ амьдралын салшгүй хэсэг болж үлддэг. Тэдний нөхөрлөл чухам ийм үнэ цэнээр бүтжээ.

2006 он. Хөгжим бүжгийн сургуулийн урд биллиард тоглож байсан хоёр залуугийн танилцсан тэр үеэс энэ түүх эхэлсэн байна. Тухайн үед тэдний хэн нь ч өнөөдрийнх шиг гэр бүл, үр хүүхэд, уран бүтээлийн амжилтаа бүтээчихсэн байгаагүй. Харин нэгэн ижил хүсэл мөрөөдөлтэй, амьдралынхаа эхлэлийг тавьж явсан залуус байв.


Анх уулзахад Н.Ундралын нүдэнд П.Идэржавхлан өндөр, туранхай, даруухан залуу харагджээ. Бараг юм иддэг болов уу гэмээр туранхай байсан хэмээн инээлдэн дурсах тэрбээр найзынхаа хүнтэй харилцах зөөлөн занг ч онцолсон юм. Харин П.Идэржавхлангийн анхны сэтгэгдлээр Н.Ундрал шулуун шударга, хэлэх гэсэн үгээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг зоригтой нэгэн байжээ.

Тэдний зан араншин анхнаасаа л өөр байв. Нэг нь аядуу, нөгөө нь эрс шулуун. Н.Ундрал хүртэл анх найзыгаа хэт найланхай гэж бодоод “Худлаа гар байна” хэмээн дотроо дүгнэж байсан гэдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хүний жинхэнэ мөн чанар анхны сэтгэгдлээс өөр байдгийг ойлгожээ.

Өнөөдөр ч тэр ялгаа хэвээрээ. Харин нэгнийхээ занг өөрчлөх гэж оролдохын оронд ойлгож, хүлээн зөвшөөрч сурсан нь тэдний олон жилийн нөхөрлөлийн нэгэн нууц биз ээ.

-Нэгнийхээ эхлэлийг мэддэг хүмүүс-

att.V7GKAcaMDl3bLupjxWa1VGBLxx_GMJVoekTwmW90pws.webp


Нөхөрлөлийн үнэ цэн заримдаа нэгнийхээ өнөөдрийн амжилтыг харахаас илүүтэй, хаанаас эхэлснийг нь мэддэгт оршдог. Н.Ундралын хувьд П.Идэржавхлан уран бүтээлийн замналаа эхлүүлж, олонд танигдаж байх үедээ найзыгаа ч орхисонгүй. Тухайн үед өөрийгөө шоу цэнгээн хөөсөн, тогтсон ажилгүй нэгэн байсан хэмээн дурсах Н.Ундралыг хөдөө орон нутгийн тоглолтуудад хамт авч явдаг байжээ.

Тэр үед П.Идэржавхлан “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар” зэрэг уран бүтээлээрээ хэдийнэ үзэгч, сонсогчдод танигдаж эхэлсэн байв. Харин Н.Ундрал найзтайгаа хамт Өвөрхангай аймгийн хоёр суманд тоглолтоор явсан үеэ одоо ч тодхон санадаг. Тоглолтын дараа найз нь түүнд 9910-аар эхэлсэн утасны дугаар авч өгсөн нь өнөөдрийг хүртэл хэрэглэж буй дугаар нь аж. Заримдаа нөхөрлөлийн хамгийн нандин дурсамж том үйл явдалд бус, он жил өнгөрсөн ч мартагддаггүй жижигхэн зүйлд хадгалагддаг.

Оюутан ахуй үеийнх нь дурсамж ч үүнээс дутахгүй хөгжилтэй. Сонгуулийн ажилд хамт явж байхдаа оюутан гэдгээрээ бусдад дээрэлхүүлж, юм зөөхөөс эхлээд элдэв ажилд дайчлагддаг байсан хоёр залуу нэг удаа хамт явсан хүмүүсийнхээ дунд наргиж, маргаашнаас нь өнөөх хүмүүсээр цүнхээ үүрүүлдэг болсон тухайгаа инээлдэн ярив.

Эргээд харахад энэ бүхэн залуу насны хөгжилтэй дурсамж төдий мэт. Гэхдээ тэдний хувьд хамтдаа туулсан он жилүүдийн нэг хэсэг. Нэгнийхээ амьдралын эхлэлийг мэддэг, юу ч үгүй үеэс нь хамт байсан хүмүүсийн дунд өнгөрсөн цаг хугацаа хэзээ ч зүгээр нэг дурсамж болдоггүй.

-Амжилтад нь атаархах биш, өөрийгөө хурцлах-

att.XGXXX7rvbABV9xlY3ViDh2rtna392_H-TymKXNab9a8.webp


Найзынхаа амжилтад баярлах амархан мэт боловч заримдаа тэр амжилт өөрийнх нь хүрээгүй хүсэл мөрөөдлийг сануулдаг. Н.Ундралын хувьд П.Идэржавхлан өөрөөс нь түрүүлж уран бүтээлээрээ амжилтад хүрч, гэр бүл зохиож, амьдралынхаа дараагийн үе шатанд шилжиж байжээ.

Тэр үед найзыгаа хараад өөрөө ч бас ийм байх ёстой гэж боддог байсан гэдгээ Н.Ундрал нуусангүй. Үүнийг атаархал гэхээс илүү өөрийгөө хурцалж, урагшлах хүсэл байсан хэмээн тайлбарласан юм.

Харин П.Идэржавхлан найзынхаа шулуун занг ойлгож, заримдаа бусдын дэргэд хэлэхэд нь эвгүй үгсийг ч хүлээж авдаг болжээ. Тэр даруйд нь сөрж маргалдахын оронд хоёулхнаа байх үед нь хэлэх зүйлээ хэлдэг. Тэд хорь гаруй жил нөхөрлөхдөө сүртэй муудалцаж, гар зөрүүлж байсан удаагүй. Муудалцсан ч дундаасаа инээлдээд эвлэрчихдэг гэнэ.

Хүнийг сайн мэднэ гэдэг алдаа дутагдлыг нь олж харахгүй байна гэсэн үг биш. Харин ямар үед нь дуугүй өнгөрөөж, ямар үед нь үнэнээ хэлэхээ мэддэг байхыг хэлдэг аж.

-Хоёр хүний нөхөрлөл хоёр гэр бүлийн холбоо болсон нь-

att.3bwI7JTV02VZkBOmg4enqU5-nYGl9MAT1p0Ra7laUyc.webp


Он жил өнгөрөхийн хэрээр тэдний амьдрал өөрчлөгдөв. П.Идэржавхлан 2008 онд охинтой болж, гэр бүл зохиосон бол Н.Ундрал ч хожим ханьтайгаа учирч, өөрийн амьдралаа бүтээжээ. Ийнхүү хоёр залуугийн нөхөрлөл хоёр гэр бүлийн холбоо болон өргөжсөн байна.

Сонирхолтой нь, тэдний эхнэрүүд нөхрүүдээсээ ч илүү дотно найзууд болжээ. Өдөр бүр шахам утсаар ярьж, амьдралынхаа баяр гуниг, асуудал бүхнийг хуваалцдаг аж. П.Идэржавхлангийн хэлснээр эхнэр болон Н.Ундралын зан араншин төстэй. Аль аль нь бусдад их сэтгэл гаргадаг, хэн нэгэнд асуудал тулгарвал туслахыг хүсдэг хүмүүс гэнэ.

Гэр бүлтэй болсны дараах нөхөрлөл ганц бие байх үеийнхээс өөр болдгийг Н.Ундрал онцолсон юм. Хоёр гэр бүл дотно нөхөрлөхөөр уулзахдаа ярилцах зүйл, бие биедээ хандах хандлага хүртэл өөрчлөгддөг. Нэгнийхээ амьдралыг зөвхөн өөрсдөө бус, хань ижил, үр хүүхдүүдтэй нь хамт мэддэг болно гэдэг нөхөрлөлийн бас нэгэн шат ажээ.

Найзынхаа өмнөөс урсгасан нулимс

att.gN6pvHmmis4R-6MYWznZ9daoBBChOY2yzTBNoQBskpA.webp


Нөхөрлөлийн үнэ цэнийг үгээр тайлбарлахаас илүү үйлдлээр мэдрүүлэх мөч гэж бий. Н.Ундралын тоглолтын үеэр П.Идэржавхлангийн гаргасан сэтгэл үүний нэг жишээ байлаа.

Найзынхаа тоглолтыг үзэж, амжилтад нь баярласан П.Идэржавхлан тайзан дээр түүнд зориулан дуу дуулжээ. Тухайн үед найзынхаа амьдралын түүх, олон жилийн турш ярьж ирсэн дурсамжууд нь бодогдож, нулимсаа барьж дийлээгүй байна.

Н.Ундрал багаасаа туулсан амьдрал, аавыгаа алдсан гуниг, дотроо тээж явдаг бодол бүхнээ найздаа ярьдаг байжээ. Харин тэр бүхнийг нь П.Идэржавхлан сэтгэлдээ хадгалж, найзынхаа баярт мөчид өөрийн мэт догдолсон нь Н.Ундралд ихээхэн үнэ цэнтэй санагдсан байна.

“Миний өмнөөс баярлаж байна гэдэг нь нөхөрлөлийн жишээ юм даа” хэмээн тэр хэлсэн юм.

Хүний зовлонг сонсох нэг хэрэг. Харин тэр зовлонг нь мартахгүй санаж, баярлах үед нь хамт баярлаж, амжилтад хүрэхэд нь өөрийн мэт догдлох нь өөр хэрэг. П.Идэржавхлангийн тэр нулимс олон жилийн турш үгээр илэрхийлж ирсэн нөхөрлөлийнх нь бодит илэрхийлэл байжээ.

-Өглөө бүрийн дуудлага, үргэлжийн түшиг-

att.FiAzCwNXvi9U73DwPp2DlzkprgRxixm0sM--EBdsx38-1.webp


Тэдний хувьд найз гэдэг зөвхөн чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг хүн биш. Амьдралынхаа хамгийн энгийн өдрүүдэд ч ярилцаж, хэрэгтэй үедээ хамгийн түрүүнд хандаж болох хүн юм.

Өглөө сэрээд л нэг нэгэн рүүгээ видео дуудлага хийж, амьдрал ахуйгаа ярилцдаг тэдний хувьд хорин гаруй жил гэдэг тоо төдий зүйл биш. Нэгнийхээ амьдралын олон үеийг хамт туулж, юу бодож, юунд эмзэглэж, юунд баярладгийг нь мэддэг болтлоо ойртжээ.

att.e95YaEIwoKb6cgH5GChg6V-QpxmB8aiBl2USgLAmzhw.webp


Н.Ундрал найзынхаа өөрт нь зориулж хийдэг бүхнийг дурдаад, П.Идэржавхлан үргэлж л түүний төлөө арын албанд явж байдаг хэмээн онцолсон. Харин П.Идэржавхлан найзынхаа аливаа асуудалд гаргалгаа олж, өөр өнцгөөс харж чаддаг чанарыг үнэлдэг аж.

Н.Ундралын хэлсэн нэгэн санаа тэдний нөхөрлөлийн мөн чанарыг тодорхойлно. Хүн амьдралынхаа турш өөр өөр хүмүүстэй учирч, хүрээлэл нь өөрчлөгдөж байдаг. Гэвч хэн байсан, цаашид хэн болохоос үл хамааран бие биетэйгээ сэтгэлээрээ нийцэж, нэгнийхээ дэргэд хэвээр үлдэх хүмүүс байдаг.

Магадгүй жинхэнэ нөхөрлөл гэдэг яг л энэ байх. Хорин жилийн өмнөх залуу насандаа танилцсан хоёр хүн өнөөдөр өөр өөрийн амьдралыг бүтээсэн ч нэгнийхээ амжилтад баярлаж, гунигийг нь хуваалцсаар. Нэг нь зөөлөн, нөгөө нь шулуун хэвээрээ. Харин өөрчлөгдөөгүй ганц зүйл нь бие биенийхээ амьдралд эзлэх орон зай юм.


tenx-hd