Завханд 57 адуу, Хөвсгөлд 35 сарлагийг хулгайлжээ

Мал мах-2026” арга хэмжээний хүрээнд 12 мал хулгайлах хэргийг илрүүлж, 71 бод малыг буцаан олгожээ.
Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Мал мах-2026” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нийт 138 хяналтын постод 273 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Ингэхдээ мал эмнэлгийн цахим гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 172 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.
Мөн мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 86 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 12 хэргийг илрүүлж, хулгайлагдсан 71 бод малыг эзэдэд нь буцаан олгожээ.
Тухайлбал, Завхан аймагт гурван иргэн урьдчилан үгсэн тохиролцож, хоёр азарганд хамаарах нийт 57 адууг бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлсэн байна. Харин Хөвсгөл аймагт хоёр иргэн 35 сарлагийн үхэр хулгайлсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгчид гол төлөв 18-55 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй болон туслах малчнаар ажилладаг хүмүүс байдаг бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор бүлэглэн үйлдэх тохиолдол түгээмэл байна.
Иймд малчдыг малаа байнгын хариулга, хараа хяналттай байлгах, им, тамга, зүс, нас, хүйс зэрэг онцлог шинжийг бүртгэж, зурагжуулах, мал худалдах, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарууллаа.Мөн сэжиг бүхий этгээд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон мал хулгайлах гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэхийг зөвлөжээ. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасны дагуу 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэх бөгөөд хүндрүүлэх нөхцөлөөс хамааран 2-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байдаг байна.



