М.Онон: Би бичлэг цацсан эмэгтэйг огт танихгүй. Эхнэр маань жирэмсэн үед зургийг маань баримтгүйгээр нааж байгаа нь маш хүнд байна

Өнгөрсөн амралтын өдөр З.М гэх эмэгтэй Төмөр замын газрын дарга "Надад 10 саяыг өгч хамт байна" гэх бичлэгийг нийтэлсэн. Үүнд нэр холбогдоод буй Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнөөдөр БГД-ийн цагдаагийн хэлтсийн гадна мэдээлэл өгөв.
Тэрбээр "Тэр бичлэг өнгөрсөн аравдугаар сарын 31-нд болоод 11 дүгээр сарын 1-нд цацагдаж байх шиг байна лээ. Би тэр өдөр гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарсан. Орж гарч байгаа, хэзээ ирсэн эсэх, хаана очсон бүх үйл явдал камераар нотлогдоно. Үүнийгээ цагдаагийн байгууллагад өгнө. Би тэр бичлэг цацсан эмэгтэйг огт танихгүй. Би цахим сүлжээнд яваа мэдээлэлтэй огт холбоогүй.
Энэ бичлэгт намайг шууд холбож зургийг маань тавьж байгаа нь гэр бүл, эхнэр хоёр хүүхэд, аав ээж, ажил бүх зүйлд минь сөргөөр нөлөөлж байна. Би бичлэг цацсан эмэгтэйг огт танихгүй. Эхнэр маань жирэмсэн үед зургийг маань баримтгүйгээр нааж байгаа нь маш хүнд байна. Миний салбартаа ажиллах нэр хүнд ч хэцүүдлээ. Надад 10 сая төгрөг байхгүй.
Цагдаагийн байгууллага уг мэдээллийг шалгаад үнэн зөвийг тогтооно гэдэгт итгэж байна" гэлээ.



