Ү.Амарбат: Улсад 7 их наядын хохирол учруулсан Д.Эрдэнэбилэгийг эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригийг нь цуцалж, 3 тэрбумын барьцаа аваад хилээр гаргачихсан байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 56 сек
30
legacy:3x3/уфж.jpg

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хил давсантай холбогдуулан Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдээлэл хийлээ. Учир нь Д.Эрдэнэбилэг нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК, "Цемент шохой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэл нөхөн төлүүлээгүй байгаа юм.

Энэ үеэр Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, хувьчлалтай холбоотой эрүүгийн хэргийн гол яллагдагч болох Д.Эрдэнэбилэг хилээр гарч яваад одоогоор ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн гол яллагдагч нь оргон зайлсан нөхцөл байдал үүссэн учраас мэдээлэл хйиж байна. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаанг 2019 оноос, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цемент шохойн үйлдвэртэй холбоотой хэргийг 2020 оны эхнээс АТГ шалгаж эхэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр АТГ-аас хэргүүдийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 2 дугаар сарын 9-нд Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргасан. Ингэхдээ 14 хоногийн хугацаанд Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хоригийг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтийг бидэнд мэдэгдэлгүйгээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх шийдэж, гурван тэрбум төгрөгийн барьцаа гаргуулаад хилийн хоригийг нь цуцлаад Д.Эрдэнэбилэгийг явуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Д.Эрдэнэбилэг хилээр гарч явсны дараа прокуророос хэргийг "Хэргийн гол яллагдагч Монголд байхгүй байна" гэх шалтгаанаар АТГ-д буцаасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүх, прокуророор өөрсдөө гаргаж явуулчихаад хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Энэ хэрэг хэзээ шийдэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй болж байна. Яллагдагчийг 14 хоногийн хугацаагаар, ялтан шилжүүлэх харилцан гэрээ байхгүй Сингапур улс руу явуулчихсан байна. Эрдэнэтийн 49 хувийн хэрэгт 4 их наядын хохиролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгт 2.8 их наяд, Цемент шохойн үйлдвэрт 3 тэрбум төгрөгийн хохиролтой буюу нийт 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр 3 тэрбумын барьцаа тавиад Д.Эрдэнэбилэг алга болчихсон.

Шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж хардаж байгаа учраас АТГ-д хүсэлт гаргаж байна. Нэгдүгээрт, ийм шийдвэр гаргасан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийг шалгах. Хоёрдугаарт, энэ хэрэг ганцхан Д.Эрдэнэбилэгтэй хамааралтай хэрэг биш. 21 холбогдогч, хуулийн этгээд бий. Бусад 2 хүнийг ийм байдлаар гаргаад явуулчихсан юм биш биз. Тиймээс үлдсэн 21 хүнд ямар таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх мэдээллийг гаргаж өгөх. Гуравдугаарт, энэ хэргүүдийн хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Тиймээс өсөн нэмэгдэж буй хохирлуудын талаарх мэдээллийг өгч, шалгаж Засгийн газрын хохирлыг тооцож өгөх зэрэг хүсэлтийг тавьж байна" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    сахал э үхэхээр бүх хэрэг хүчингүй болноо, .... улс хохироод үлдэнэ...шүүч баяжсан....

  • З
    Зочин

    Тэр шүүгч прокурор нарыг н зайлуулаач шалгаач...

  • У
    Улс төржихөө л больчих...

    Ү.Амарбатаа дүү минь чи ямар сонгуулийн мэдэгдэл хийж байгаа юу? Хуульч хүн муухай харагддаг юм. Наад асуудлаа тодорхой хууль зүйн үндэслэл, зүйл, заалттай нь хэвлэлийн мэдээ хэлбэрээр бусдад түгээчихгүй дээ! Нийгэм олон нийтэд намын сонгуулийн пиар болж харагдаад байна!!!... Хөнгөдөөд байна шүү нөхөр минь!