Н.Алтанхуяг: Надад холбогдох хэргийг дахин дахин буцааж байгаа нь захиалгатай, эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй нэр бүхий хүмүүст холбогдох “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэргийг УДШ хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хэргийг дахин анхан шатнаас хэлэлцэхээр болж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай ярилцлаа.
-Дээд шүүх танд холбогдох “Хөгжлийн банкны” гэх хэргийг хэлэлцүүлэхээс татгалзаж, анхан шатнаас дахин явахаар боллоо. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?
-Байр суурь гээд байх юм байхгүй. Болсон процесс нь Хөгжлийн банкны хэргээс 30-аад хүний хэрэг шийдвэрлэгдээгүй үлдсэн юм билээ. Өмнө дээд шүүх буцаасныг сая нийслэлийн шүүх буцаачхаж байна. Ер нь энэ буцаадаг зүйл чинь 2022 онд хүчингүй болсон. Та нар санаж байгаа бол “Нотолбол ялыг нь өг, нотолж чадахгүй бол цагаатга” гэсэн хоёр замтай л болсон. Буцаана гэдэг гурав дахь зам байхгүй. “Буцаана” гэдэг зүйлийг алга болох хууль санаачилсан гурван гишүүн бий. Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын 2022 онд өргөн мэдүүлсэн тэр хууль батлагдсан. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд 1500 орчим хэргийг буцаасан байна. УИХ хууль баталсан байхад яагаад хэрэг буцаагаад байгаа юм бэ.
Жишээлбэл, надтай холбогдох хэрэг дахин буцаж анхан шатнаасаа шинээр явахаар боллоо. Ер нь яах гэж хэрэг буцаагаад байдаг юм, мөрдөгч яах гэж байдаг юм. Яагаад буцаагаад байна гэхээр ял өгнө гэсэн агуулга яваад байна. “Гэм буруугүй” гэчихээд байхад л гэм буруугийн хурлаа дахиж хий гээд байна. Хэн нэгнийг яллая гэвэл хэргийг нь буцаадаг зүйл гарчихаад байна.
Энэ хэрэг буцаагаад байгаа асуудлаар О.Алтангэрэл тэргүүтэй манай зарим гишүүд олон нийтийн хэлэлцүүлэг, сонсгол байгуулах асуудлыг хөндсөн. Тэнд л сайн ярилцах байх.
-Та Ерөнхийлөгчид горилогчдыг рейтингээр тэргүүлж буй улстөрчөөр нэрлэгдээд байгаа. Энэ үед танд холбогдох хэргийг олон дахин буцааж буйг юу гэж харж байна?
-Надад нээх горилож, горьдоод байгаа юм алга. Нэр дэвшээд үзэлцээд, юм хийчих юм сан гэж бодож байгаа. Монгол оронд шударга бус байдал хэрээс хэтэрч, хээл хахууль, авлига гэх мэт. За, муу юм яриад яах вэ. Гэхдээ одоо горьдлого жаахан тасарч байна. Би УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй ч анхан болон давж заалдах, дээд шүүх, дахиад анхан болон давж заалдах гээд таван удаа шүүхээр орсноос гурван удаа цагаатгагдаж, хоёр удаа буцаад байна. Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж л ингэж буцаагаад байна уу гэж ойлгоод байгаа. Намайг буцаах яах вэ.
Надтай хамт 80 гаруй хүн шүүхээр орсноос хоригдох нь хоригдоод, цагаадах нь цагаадаад, одоо 30-40 орчим хүн үлдсэн. Тэр хүмүүст хэцүү байна. Тэд “Танаас болж бид хохироод байна” гэхээр нь “Яахаараа надаас болдог юм” гэсэн чинь “Таных буцахаар биднийх хамт буцаад, хилийн хоригтой болохоор ажил төрөл, ар гэр хэцүү байна” гэж надад гомдол мэдүүлсэн.
Ер нь би хэн гэдэг хүн хуулийн байгууллагыг захиалаад байгааг судалж л байна. Шүүгчдийг буруутгахгүй.
-Хэн нэгэн улстөрчийг хардаж байна уу?
-Улстөрч гэхээр их олон улстөрч бий. Тэднийг хардах хэцүү. Сүүлийн үед манай улсад нэг зүйл их ойлгомжтой болоод байгаа юм биш үү. Нэг хаантай болсон ч юм шиг, дээрээс нэг хүн бүгдийг нь дохиураар хөдөлгөдөг болсон ч юм шиг. Гэхдээ одоогоор надад нотлох баримт алга. Би судалж байна. Үнэхээр тийм зүйл байвал нотлох баримтыг нь олж байгаад ярья гэж бодож байна. Шүүх нь захиалгаар ажилладаг юм бол УИХ хууль батлаад ямар хэрэг байгаа юм. Би уг нь 2020 оноос хойш ХЗБХ-нд ажиллаад байгаа. 1000 хууль л батлах юм. Энэ баталсан хуулиуд нь хэрэгжихгүй байна шүү дээ.
-Танд шүүхийн процесс саад болоод байна. Зөв үү?
-Нээх саад болсон юм алга. Ингээд дахин дахин буцаагаад байгаа нь намайг болон хамт шалгагдаж буй хүмүүсийг тамлаад байна. Хууль зүйн онолд байдаг юм билээ. Хэргийг сунжруулаад, буцаагаад байгааг захиалгатай бөгөөд хүмүүсийг тамлаж байгаа эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг. Тэгэхээр эрүү шүүлт л явж байна. Өөр юм байхгүй.
-Оюутолгойн хоёр их наядын ногдол ашгаар эрчим хүч, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэж байсан ч ЗГ хуулиа буцаан татсан. Ер нь ногдол ашиг баялгийн сандаа байх ёстой юу эсвэл төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, хуульд өөрчлөлт оруулж иргэдэд бэлнээр олгох ёстой юм уу?
-Хоёр жилийн өмнө баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд хоёр сан бий. Хөгжлийн сан дахь мөнгөөр бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлнэ. Оюутолгойн 34 хувьд ногдох ногдол ашиг нь хуримтлалын санд цугларна гэсэн хуультай. Ийм хуультай байхад хуулиа зөрчиж, баахан хүнийг горьдоочихлоо. Хуулиараа энэ бол тараадаг мөнгө биш. Хуримтлалын санд 2030 он хүртэл хуримтлагдаж, түүнээс хойш иргэд авч зарцуулах ёстой.


