Г.Занданшатарыг “Миеэ“ фракцынхан дэмжиж эхэллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 56 сек
10
b37399e4-137b-46ac-aae5-dfb629f7ab19.webp

Найман сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн хөдөлгөөн хэдийнэ эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй гэх улстөрчдийн нэр эхнээсээ тодорч, нэг нь ногдол ашиг, нөгөө нь хууль, шүүхийн асуудлаар ч дуугарч яваа харагдана. Харин энэ үйл явцаас Ардын намын горилогч ч юугаараа дутах билээ. Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш хааяа нэг шатар, ном ярьсан шигээ олны өмнө гарч ирэхээс бусдаар нам гүмхэн байсан Г.Занданшатар сүүлийн үед нэлээд идэвхжих болов. Ойрын хугацаанд өөрийнх нь болон өрөөлийн хийсэн гурван ч үйлдлээс энэ бүхэн илхэн харагдана.

Нэг. Аравдугаар сарын 19-ний өглөө гэнэтхэн л Г.Занданшатарын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ Авлигатай тэмцэх газрын гаднаас олон нийтэд хандан УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Шадар сайд асан С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарыг АТГ-т шалгуулна гэж мэдэгдсэн. Ингэхдээ тэднийг Салхитын мөнгөний орд болон Төв аймаг дахь Авдрантын ордтой холбоотой үндэслэлгүй мэдээллүүдэд Г.Занданшатарыг буруутгасан гэсэн юм. Нэг ёсондоо, нэр бүхий таван гишүүнийг өөрийг нь гүтгэсэн асуудлаар шалгуулахаа мэдэгдсэн үйлдэл нь түүний идэвхжлийн эхнийх нь мөн байв.

Хоёр. Харин үүнээс хоёр хоногийн дараа буюу аравдугаар сарын 21-нд Ерөнхий сайд асан Г.Занданшатар өөрийн биеэр гарч ирсэн. Гарч ирэх ирэхдээ Ардын намын цагаан байрнаас мэдээлэл хийж, намын дарга Н.Учралд хандан намаа хариуцлага тооцдог, санхүүжилт нь ил тод, нэр дэвшүүлэлтэд гишүүд, иргэдийнхээ саналыг тусгадаг болгох шинэчлэлийг эхлүүлэхийг шаардсан ил захидлаа гардуулан өгсөн юм. Улс төрд санаа зорилгогүй, санамсар болгоомжгүй үг байтугай үйлдэл ч үгүй. Энэ утгаараа намын шинэчлэл, дотоод үйл явцад "санаа зовсон" гэх түүний үйлдэл идэвхжлийнх нь хоёр дахь хэсэг гэж харагдав.

Гурав. Аравдугаар сарын 26. МАН-ын Шударга гишүүдийн холбооны төлөөлөл гэх нэр бүхий хүмүүс гарч ирж мэдээлэл хийж, Г.Занданшатарын намын шинэчлэлийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд намын даргадаа уриалга хүргүүлсэн. Хамгийн сонирхолтой нь, МАН-ын Шударга гишүүдийн холбоог төлөөлж зогсоо хүмүүс дунд 2024 оны УИХ-ын сонгуульд "Үндэсний эвсэл"-ээс нэр дэвшсэн хоёр ч эрхэм зогсож байх нь тэр. Тодруулбал, "Үндэсний эвсэл"-ээс 10-р тойрогт нэр дэвшсэн Хотын орлогч асан П.Баярхүү. Нөгөө нь баруун бүсэд нэр дэвшсэн хуульч Н.Цэвээн гэх хүн.

Харин П.Баярхүүг нийслэлийн орлогч байсан гэдгээс илүүтэй "Миеэ" талын хүн гэдэг. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай хийх Г.Занданшатарын "нүүдэл"-ийг Миеэгийн фракц дэмжиж, араас нь түлхэж өгч буй нь энэ болтой. Учир нь Миеэ Энхболд ч энэ удаа өнгөрсөнд өөрийнх нь улс төрийн замыг дуусгасан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "нөхөд"-дөө хариу барихаар шийдсэн байж болох. Харин нүүдэл нь Г.Занданшатарт дэмжлэг өгөх байдлаар эхэлж байна.

Ер нь ч тэгээд улс төр гэгч их л хоржоонтой юм. Үүнийг батлах үг, үйлдэл ч өнгөрсөнд болж байж. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч гуравдугаар сард "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үедээ "У.Хүрэлсүх даргыг байгалийн баялаг, шударга ёсны талд дандаа зогсдог шинэчлэлийн туг гэж бид үргэлж итгэсээр ирсэн. Битгий бөөлжсөн бөөлжсүүдтэйгээ нэгдэж ард түмэндээ харагд. Тэр нь хувь хүнтэй сайн байж болно. Гэхдээ яриад, хэлээд тэмцсэн үзэл санаа бол тэрэнтэйгээ л бай л даа. Одоо яах гэж байгаа юм. Тэмцэж байсан МАНАН бүлэглэлтэйгээ нэгдээд, МАНАН бүлэглэлийн толгойлогч болох гээд байгаа юм уу. Ингэж л харагдаж байна. Тиймээс хэнээс салаад, хэн байх үед хамт эхлээд, ямар зүйл дундуур яваад, одоо ямар хүмүүсээр тойрон хүрээлүүлчхээд ямар хүмүүсийг эсрэг бодоод байгаагаа ах минь тунгааж үз" гэх үгийг Ерөнхийлөгчид дайсан. Тухайн үед түүний яриандаа алсуураа дурдсан дүр нь М.Энхболд гэж үзвэл одоогийн нөхцөлд У.Хүрэлсүх Миеэтэй нэг талд гарч Г.Занданшатарт дэмжлэг үзүүлж эхэлсэн нь энэ болтой.