
Цагаан сар хаяанд ирж, сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд цагаан сарын ширээний чимэг, монголчуудын хүндэтгэлийн зоог болох ууц, өвчүүний эрэлт нэмэгддэг. Тиймээс бид ууц, өвчүүний үнийн сурвалжилгыг бэлтгэлээ.
Бид ууц, өвчүүний үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар нийслэлийн томоохон худалдааны төвийн нэг болох “Хүчит шонхор” захыг зорьсон юм. Өдрийн 11.00 цаг орчимд ууц, өвчүү эгнүүлэн өрсөн жижигхэн талбайд очиход "Хамгийн хямдхан нь аль вэ. Арай жаахан хямд байхгүй юу" гэх арга ядсан яриа лангуу бүрт өрнөж байв.
Худалдаа эрхлэгчид болон малчид сар шинийн баярт зориулсан ууц, өвчүүг том, жижиг, тарган, туранхайгаар нь бүхээгтэй машинд эгнүүлэн өржээ. Тэдгээрийн хажууд чихтэй малгай, үстэй дээл, нохой гутал өмссөн малчид “Ууцаа аваарай” хэмээн шаагилдана. Хүмүүс ууцны үнэ асуухад “Хэдэд авмаар байна. Хямдруулаад аваарай. Үзэж, хараад, шилж, сонгоод ав” гэх мэтээр ам уралдаж байлаа.

УУЦНЫ ҮНЭ 800 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧ, ИРГЭД БУХИМДАЛТАЙ БАЙНА
Ууцны үнэ ханшийг сонирхвол, том, жижгээсээ шалтгаалаад 300-850 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин өвчүүний тухайд кг нь 21000-21500 төгрөгийн үнэтэй байна. Хамгийн том буюу ойролцоогоор 40 орчим кг-тай өвчүү 860 мянган төгрөг. Жижиг буюу 14-15 кг-тай өвчүү 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.

-ӨВЧҮҮ КГ НЬ 21500 ТӨГРӨГ. 40 ОРЧИМ КГ-ТАЙ ӨВЧҮҮ 860 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-
Бид ууц зарахаар ирсэн малчдын төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа.
УУЦ ЗАРЖ БУЙ МАЛЧИН 1: "Энэ жил анх удаа ууц зарахаар ирлээ. Худалдан авалт одоогоор муу байна. 30 гаруй ууцны мах авчирсан. Хоёрыг л зарсан байна. Үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн зүйл байхгүй ч үнэтэй байна гэсэн хүмүүс их байна. Үнийн хувьд том жижгээсээ хамаараад 300-750 төгрөгийн үнэтэй ууцнууд байна. Бага жинтэй хямдхан ууцнууд нь түрүүлээд дуусах шинжтэй юм байна. 40 гаруй кг-тай том ууцнуудаа 750 мянган төгрөгөөр өгнө" гэлээ.

ӨВЧҮҮ ЗАРЖ БУЙ МАЛЧИН 2: “Өвчүү кг нь 21500 төгрөг. 40 орчим кг-тай өвчүү 860 мянган төгрөг. Жижиг буюу 14-15 кг-тай өвчүүг 300 мянган төгрөгөөр зарж байна. Хүмүүс ууцнаас илүү өвчүү сонирхдог болсон байна” гэв.

Харин дараа нь бид ууц, өвчүү авахаар сонирхож буй иргэдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
"ӨМНӨ НЬ 200-250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УУЦ АВДАГ БАЙСАН. ЭНЭ ЖИЛ ИЙМ ҮНЭЭР ОЛДОХ УУЦ АЛГА"
ИРГЭН 1: Ууц үнэтэй байна. Дундаж ууц 300 мянгад авчих болов уу гээд гарч ирсэн боловч хэтэрхий жижигхэн байгаа учраас арга буюу 400-500 мянгад ууц авахаар болж байна. Өнгөрсөн жилийнхээс өсөөд хамгийн багадаа 100 мянган төгрөгийн зөрүү гарахаар байна. Би өмнө нь 200-250 мянган төгрөгөөр ууц авдаг байсан. Энэ жил ийм үнээр олдох ууц алга. Уг нь малчид нь өөрсдөө зарж байгаа юм шиг байна. Яагаад ийм үнэтэй байгааг нь сайн мэдэхгүй байна.

ИРГЭН 2: 507 мянган төгрөгөөр өвчүү авлаа. Үнэ нь нэмэгдээд 21500 төгрөгт хүрсэн байна. Цагаан сар дөхөөд айл бүр л санхүүгийн асуудалтай байна. Гэтэл ууц, өвчүүний үнэ нь тэнгэрт хадчихаар хэрэг алга байна шүү дээ.

"УУЦ ҮНЭТЭЙ БАЙНА. БОЛОХГҮЙ БОЛ МАХ ЧАНААД ТАВЬДАГ ЮМ УУ ГЭЖ БОДОЖ БАЙНА"
ИРГЭН 3: Үнэ нь 20-30 хувь нэмэгдсэн байна. Ууц хамгийн багадаа 300 мянга. Үнэтэй нь 700-800 мянган төгрөгийн үнэтэй байна. Би өнгөрсөн жил дундаж ууцыг 300 гаруй мянган төгрөгөөр авсан. Энэ жил яг адилхан хэмжээтэйг авах гэсэн боловч 500-600 төгрөгт хүрсэн байна. Нэг сарын бүтэн тэтгэвэр хүрэхээргүй болж таарч байна. Тэгэхээр яах билээ. Болохгүй бол мах чанаад тавьдаг юм уу гэж бодоод л явж байна.

ИРГЭН 4: 20 гаруй кг-тай дундаж өвчүүг 480 мянган төгрөгөөр өвчүү авлаа. Үнэ нэмэгдсэн байна. Бүх газар адилхан байгаа учраас арга буюу авлаа.

"ЭРТ АВБАЛ АРАЙ ХЯМД БАЙХ БОЛОВ УУ ГЭЭД ГАРЧ ИРСЭН БОЛОВЧ АВЧ ДИЙЛЭХЭЭРГҮЙ ҮНЭТЭЙ БАЙНА"
ИРГЭН 5: Ууц авах санаатай гарч ирлээ. Эрт авбал арай гайгүй хямдхан байх болов уу гээд гарч ирсэн боловч авч дийлэхээргүй үнэтэй байна. Өнгөрсөн жил 300 гаруй мянган төгрөгөөр авч байсан ууцтайгаа адилхан ууцны үнийг сая асуулаа. 660 мянган төгрөгөөр ав гэнэ. Сарын тэтгэвэртэйгээ тэнцэх мөнгөөр ууц авах нь. Тэгэхээр бусад бэлтгэлээ яаж базаах вэ. Тэтгэврийн зээл авчихья гэхээр хүү нь хэвээрээ. Дээрээс нь хамтрагч нэхээд байна. Хэдэн хөгшчүүд юугаараа цагаалж, яаж шинэлэх юм болдоо гэж гайхах юм. Дээр байгаа хүмүүс эцэг, эхтэй л баймаар юм. Юу санаж, бодож ядваг бол доо.

Иргэдийн хувьд бараг бүгд л ууцны үнэ өндөр байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан бол ахмадууд "Тэтгэврийн мөнгөөрөө ганц ууц авчихаар бусад зүйлээ яаж авах болж байна аа" гэх үгсийг гомдлыг үгс "чулуудаад" зөрж өнгөрнө. Ууц, өвчүүгээ худалдан борлуулахаар зогсож буй малчид иргэдийн ийн бухимдаж, гомдоллохыг сонссоор байгаад дөжирсөн аятай үнэ өнгөрсөн жилийнхээс өсөөгүй. Яг адилхан байгаа гэх хариултыг тоть шиг давтаад зогсож байгаа харагдав.




Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!