Ц.Баатархүү: ЗГ Оюутолгойн ногдол ашгаар 52 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан ч иргэдийн амьдралд хэрэг болох төсөл цөөхөн байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 5 мин 58 сек
00
IMG_4346.webp

УИХ-ын гишүүн Ц.Баатархүүтэй ярилцлаа.

-Цаг үеийн асуудлаар яриагаа эхэлье. Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар санал асуулга эхэллээ. Хуримтлалын санд олгох эсвэл нийгэм, дэд бүтцийн суурь асуудлыг шийдвэрлэх дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монголын талд 34 хувь буюу гурван их наяд төгрөгийн ногдол ашиг бий. Дараагийн жилүүдэд ямар хэмжээний ногдол ашиг хуваарилах нь ойлгомжгүй байгаа. Ногдол ашиг хуваарилж буй гэрээг олон нийтэд ил байршуулах хэрэгтэй. Одоогийн хуулиар энэ ногдол ашиг баялгийн санд орох ёстой. Гэтэл Засгийн газар өнөөдөр маш зөрчилдөөнтэй асуудлыг ярьж байна л даа. Ногдол ашгаар юу хийхийг 2027 оны улсын төсөвтөө тусгаад өргөн барьсан. Тэгснээ дараа нь иргэдээс санал авч байна гэдэг бол Засгийн газар энэ ногдол ашгаар яг юу хийх юм бэ гэдэг шийдвэрээ гаргаагүй эсвэл гаргасан атлаа маш их эргэж буцаж байна гэж харж байгаа. 52 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төсөвт тусгасан. Энэ дотор өгөөж болох, иргэдийн амьдралд хэрэг болох төсөл цөөхөн харагдаж байна лээ.

Аймгийн төвүүдэд хүүхдийн дотуур байр барина гэж байгаа. Ачаалал багатай сум хоорондын авто зам барина гэх мэт. Тэгэхээр Монгол Улсын сум бүрийг авто замаар холбох нь чухал уу эсвэл дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтэц, түүний суурь болох эрчим хүч, дулаан хангамж зэрэг чухал зүйлүүддээ хөрөнгө оруулах уу гэдэг нь ялгаагүй юм билээ. Тэгэхээр Оюутолгойн ногдол ашиг бол зүгээр л УИХ-ын гишүүдийн тойрог, бүсэд хэрэглэгдэхгүй, ашиглагдахгүй барилгад очих магадлалтай байна.

-Хоёр их наядын ногдол ашгаар эрчим хүч зэрэг суурь асуудлуудаа шийдэх төсөл хөтөлбөрүүдэд зарцуулна гэдэгт та хэр итгэлтэй байгаа вэ. Иргэд олон нийт дахиад л авлига, хулгайгаа хийнэ гээд итгэхгүй байна шүү дээ?

-Олон жил ярьж байгаа эхний төслүүдээ дуусгахгүй байна л даа. Мега төслийг эхлүүлэхийн тулд эхний мега төслөө дуусгачихаад оръё. Тавдугаар цахилгаан станцын асуудлаа шийдэж дуусгасны дараа зургаадугаар цахилгаан станцын асуудалдаа оръё. Тэгэхгүй бол нийслэлд л гэхэд метрогоо ч дуусгасан юм байхгүй, Туулын хурдны замаа ч дуусгасан юм байхгүй, BRT буюу тусгай замын автобусны төслөө ч дуусгаагүй. Нийтийн тээврийн шинэчлэл, дүүжин тээвэр гээд бүгдийг нь гадаадын хөнгөлөлттэй зээл гэх нэрээр эхлүүлж, сар бүр зээлийн хүү төлөөд, алийг нь ч дуусгалгүй 30 жил явж ирлээ.

-Хүнээ бодоогүй сонгуулиа бодсон төсөв орж ирлээ-

DSC03094.webp

-Энэ долоо хоногт 2026 оны төсвийн тодотголыг батлах гэж байна. Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийн зардал гэх мэт олон хэрүүл маргаан дундуур төсвийн тодотголыг хэлэлцлээ. Энэ тодотголоор бодит үр дүн гарах болов уу?

-Шуудхан хэлэхэд, энэ бол хүнээ бодсон биш сонгуулиа бодсон л төсөв. Монгол Улс 2026 онд түүхэнд байхгүй хамгийн их орлоготой жил байгаа. 100 орчим сая тонноор нь нүүрсээ гадагш гаргаж байна. Бидний өвөг дээдсийн үлдээсэн зэсийн үнэ түүхэн дэх хамгийн өндөр хэмжээнд байна гээд орлого маш ихээр орж ирж байхад зарлагаа тэлж, алдагдлаа нэмж байна.

Би маш энгийнээр зөвлөж байгаа. Нэг айл хамгийн их цалин авч байгаа жилдээ хамгийн их өрөнд орж байгаатай л адил зүйл. Аав нь хамгийн их цалин авч байгаа жилдээ хамгийн их өрөнд орж байгаа бол төсвийн дүрэм буруу байгаагийн л илрэл. Өөрөөр хэлбэл, 2026 оны төсөв алдагдал ихтэй, урсгал зардал нэмэгдсэн төсөв байгаа.

Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Монгол Улс хүнтэй хот буюу Улаанбаатарынхаа асуудлыг шийдэж чадахгүй мөртлөө “Хүнгүй хот” гэх Хүннү, Хархорум хотын урсгал зардлыг нэмсэн. Хархорум хотын Ажлын алба гэж шинээр нэмээд дахин төсөв тавьсан. Тэгэхээр бид юун түрүүнд хүн амьдарч байгаа газрынхаа асуудлыг зөв шийдэх менежмент хийхгүй байж хэсэг бүлэг хүнийг ажлын байртай болгох төсвийн хуваарилалтын дүрмээр олон жил явлаа. Энийг эрс өөрчлөх хэрэгтэй.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь хамгийн “тогтворгүй” хууль болсон. Засгийн газар энэ хуулийг дураараа өөрчилдөг боллоо. Энэ хууль өөрчлөгдөхийн тул маш олон УИХ-ын гишүүний саналыг авдаг байх ёстой.

-Сүүлийн жилүүдэд Засгийн газар батлуулсан төсөв бүрээ тодотгодог боллоо. Тооцоо, судалгаа муутай байна гэсэн үг үү?

-2026 оны нэг онцлог бол төсвөө батлаагүй байхдаа урьдчилж зарцуулсан асуудал үүсэж байгаа. Энэ бол маш том хуулийн зөрчил. Төсөв бол тоогоор илэрхийлэх хөгжлийн бодлого. Бид энэ бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байна. Нэгдүгээрт, орж ирэх орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, илүү эсвэл дутуу төлөвлөдөг. Ингэснээр төсвийн тодотгол хийх нөхцөл үүсэж байна. Нөгөө талдаа урсгал зардлаа тодотгол хийхээс өмнө зарцуулсан байдаг. Жишээлбэл, Монгол Улс 300 орчим тэрбум төгрөгөөр хурал хийлээ шүү дээ. Энэ хурлаас юу үлдэв.

Тэгэхээр цаашид төсвийн үр ашгийг сайжруулах чиглэлээр аудитын байгууллага, Ардчилсан нам болон иргэд хяналт сайн тавих хэрэгтэй. Тийм учраас төсвийн мөнгө бүрийг цаг тухайд нь харж болохоор “Шилэн дансны хуулийн нэмэлт, өөрчлөлт”-ийг өргөн барихаар санал авч байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө хаашаа орж байгааг хэвлэл мэдээлэл, сөрөг хүчин, улстөрчид ч тэр олж авахад маш хэцүү байдаг. Та бүхэн мэдэж байгаа. Сая төсөв дээр хэрүүл болж байна. Багцаар нь баталж байгаа учраас цаана нь юу байгаа нь мэдэгддэггүй. Тийм учраас Төсвийн хуулийн өөрчлөлт, Шилэн дансны хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна.

-2027 оны төсөв бол хувийн хэвшилд хамгийн ашиггүй-

DSC03102.webp


-Сонгуулийн жил эхэлж байгаа гэх утгаараа ирэх оны төсөв “Ногдол ашиг” гэх нэрээр огцом тэлсэн. Хэр үр ашигтай, оновчтой төсөв болсон гэж харж байгаа вэ?

-2027 оны төсөв өнгөрсөн 10 жилийнхтэй харьцуулбал урсгал зардлаа 10 их наядаар нэмэгдүүлж байна. ТӨК-иудын нийт хөрөнгө ДНБ-ий хэдэн хувийг эзэлж байгаа гэдгээр олон зүйлийг харж болдог. Монгол Улсад 70 орчим хувьтай болчихлоо.

2027 оны төсөв бол хувийн хэвшилд хамгийн ашиггүй төсөв. Татвар авна. Авсан татвараа төр өөрөө хуваарилна. Зөрүүлээд Төрийн өмчит компаниараа хувийн хэвшилтэйгээ өрсөлдөнө. Хоёрдугаарт, яагаад хувийн хэвшилд ашиггүй вэ гэхээр, Засгийн газар маш олон бонд гаргана. Тэгэхээр банкууд хувийн хэвшил, иргэдэд олгох зээлээ хумих магадлалтай байдаг.

Дараагийн асуудал бол улсын төсөв эдийн засгийн өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамаарч цаасан дээр өсөөд байхад хувийн хэвшил, өрхийн орлого агшиж байна. Энэ нь өөрөө төсвийн бодлого буруу байгааг илэрхийлж байна. Тиймээс 2027 оны төсөвт маш олон зарчмын зөрүүтэй санал гаргахаар бэлтгэж байна.

-Ямар саналууд гаргах бол?

-Хамгийн эхлээд УИХ-ын гишүүдийн тойрог гэх нэрээр үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардлыг царцаах шаардлагатай. Мөн ТЭЗҮ нь батлагдаагүй, магадлалынхаа дугаарыг аваагүй, эдийн засгийн тооцоолол дутуу хийгдсэн олон төсөл байна. Эдгээрийг царцаах шаардлагатай.

-Аль нэг нам гэхгүйгээр улстөрчид талцаж хэрэлдсээр байгаад төсөв хэлэлцэх хугацааг авдаг. Дараа нь цагийг нь тулгаж хэлэлцсэн болоод баталдаг нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гэж харж болохоор байна. Таны байр суурийг сонирхоё?

-Төсвийг иргэдээрээ хэлэлцүүлдэг байсан сайхан жишиг алдагдсан. Өнөөдөр ч гэсэн Засгийн газар нэгэнт өргөн барьсан төсвийнхөө араас иргэдээс санал авна гэдэгт би итгэхгүй байгаа. Өргөн барьж хэлэлцүүлэхээс өмнө иргэд болон мэргэжлийн байгууллагуудаас санал авч төсвөө өргөн барих ёстой.

Зунжин онгоц хөлөглөж дээгүүр доогуур нисэж, наадам хийсэн хүмүүс гэнэтхэн хугацааг нь тулгаж байгаад төсвөө боочихдог. Энэ бол монголчууд ажилдаа ажил хэрэгч бус, хайнга хандаж буйн нэг илрэл мөн. Төсвийг хангалттай хэлэлцэх боломж олгохгүй байна. УИХ-ын гишүүдэд маш зузаан ном өгчихдөг. Ийм байдлаар төсвийг хэлэлцэж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.