Сургуулийн эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 39 хувь нь амны хөндийн өвчлөлтэй байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 36 сек
00
17449572656801ef512536a.webp

Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийг энэ сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна. Эрт илрүүлэгт нийт 291,998 хүүхдийг хамруулахаас өнөөдрийн байдлаар 118,090 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд явц 30 орчим хувьтай байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэдээлснээр, энэ удаагийн эрт илрүүлгийг Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдүүдийг насны онцлогт тохирсон үзлэгт хамруулж байгаа аж. Тухайлбал, гурван настай хүүхдүүдийг аутизмын эрсдэлээр, 15 настай хүүхдүүдийг сэтгэл зүйн байдлаар нь үнэлж байгаа юм.

Эрт илрүүлгийн хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн байдлыг A, B, C, D гэсэн дөрвөн түвшинд үнэлж байна. A нь эрүүл мэндийн асуудалгүй, B нь эрсдэлтэй, C нь эмнэлэгт үзүүлэх шаардлагатай, D нь нэг сарын дотор лавлагаа шатлалын эмнэлэгт хандаж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн ангилал юм.

Одоогоор эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 26 хувь нь A үнэлгээтэй, 39 хувь нь C үнэлгээтэй, найман хувь нь D үнэлгээтэй байна. C үнэлгээ авсан хүүхдүүдийн дийлэнх нь амны хөндийн өвчлөлтэй байгаа бол D үнэлгээтэй хүүхдүүдийн хувьд биеийн хөгжилтэй холбоотой эрсдэлүүд илэрчээ. Тухайлбал, насандаа тохирсон хэмжээнээс хэт тарган, намхан эсвэл өндөр байх зэрэг үзүүлэлтийг үнэлж байгаа аж.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эрт илрүүлгийн хамгийн чухал нь үзлэгийн дараах хяналт, тусламж юм. Эрсдэлийг нь үнэлээд, эрүүл мэндийн асуудлыг нь гаргаад ирлээ. Үүний дараа лавлагаа шатны эмнэлэгт нэг сарын дотор хандах нь чухал” гэв.

Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан эрт илрүүлгийг нэг удаагийн аян бус, жил бүр зохион байгуулах ажил гэдгийг онцоллоо. Энэ удаагийн үзлэгт цэцэрлэгийн гурван настнууд болон ерөнхий боловсролын сургуулийн I, VI, IX, XII ангийн сурагчдыг хамруулж байгаа юм.

Мөн энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангиас эхлэн эрүүл мэндийн хичээл орж эхэлсэн бөгөөд уг хичээлийг биеийн тамирын хичээлтэй уялдуулан хэрэгжүүлэх аж. Сургуулийн эмч, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч нар хамтран хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд ажиллах юм.