Борооны ус зайлуулах шүүр тагийг хулгайлж, төмрийн хаягдалд тушаах тохиолдлууд их байна

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцан дэлгүүрийн орчимд авто замын борооны ус зайлуулах 24 ширхэг шүүр таг алга болжээ. Шалгалтаар алга болсон шүүр тагуудаас заримыг нь хоёрдогч түүхий эд, төмрийн хаягдал худалдан авдаг цэгээс олсон байна.
Энэ талаар Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас мэдээлэхдээ, борооны ус зайлуулах шүүр тагийг хулгайлж, төмрийн хаягдалд тушаах тохиолдол гарч байгааг анхаарууллаа.
Шүүр таггүй болсон ус зайлуулах худаг нь явган зорчигч, жолооч, дугуйтай зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй. Ялангуяа шөнийн цагаар болон бороо орж, ус тогтсон үед ил задгай худаг анзаарагдахгүйгээс хүн унах, автомашин, дугуй нүхэнд орох аюултай юм.
Тус газраас борооны ус зайлуулах шүүр таг нь нийтийн өмч болохыг сануулж, зөвшөөрөлгүй авах, хулгайлах, гэмтээхгүй байхыг иргэдэд уриалав.
Мөн шүүр таггүй болсон, эвдэрч гэмтсэн ус зайлуулах худаг илэрвэл тухайн байршлыг 7720-0200 дугаарт нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.


