НЭГ ДОРООС: ОТ-н ногдол ашгийг бэлнээр авах ямар ч БОЛОМЖГҮЙ ба 2030 оноос иргэд нэрийн данс дахь мөнгөө орон сууц, сургалтын төлбөр, эмчилгээндээ зарцуулах эрх үүснэ

Монгол Улс Оюутолгойгоос ирэх онд ногдол ашиг авахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ногдол ашгийн нэг их наядыг Хуримтлалын санд, хоёр их наядыг эрчим хүч, боловсрол зэрэг салбар дахь эдийн засгийн үр өгөөж бүхий төслүүдэд зарцуулах саналаа төсөвт тусгаад буй. Харин өчигдрөөс эхлэн Засгийн газар энэ ногдол ашгийн хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэгт иргэдээс санал асууж эхэлсэн. Гэвч ногдол ашгийн зарцуулалттай холбоотой асуудлын эргэн тойронд хөвөрч буй олон асуултын нэг нь "Ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд хүртээх боломж бий юу" гэдэг асуулт юм. Тэгвэл энэ асуултын хариултыг нэг дороос эмхтгэн хүргэе.
-Ногдол ашгийг БЭЛНЭЭР авна гэсэн хууль байхгүй-
Сангийн сайд З.Мэндсайхан өчигдөр "Ногдол ашгийг бэлнээр авна гэсэн хууль байхгүй. Баялгийн сангийн хуулиар Хуримтлалын сан руу орох ёстой. Арван жилийн дараа бид хэрэглэнэ. Харин түүнээс өмнө бид ногдол ашгаа хурааж, хуримтлуулна. Гэхдээ Засгийн газраас Оюутолгой төслөөс авах 3 их наядын нэг их наядыг нь Хуримтлалын сан руу хийж, үлдсэн хоёр их наядаар нь эдийн засгийн суурь хөгжлийг тэлэх асуудлуудаа шийдье гэх саналыг төсөвт тусгасан. Шийдэх нь УИХ-ын эрх" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ ногдол ашиг иргэдийн гар дээр бэлэн мөнгө хэлбэрээр тараагдах боломж хуулийн хүрээнд байхгүй.
-БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬ: Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгийг иргэний хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ-
Тэгвэл хуулийн хүрээнд энэ асуудлыг яаж зохицуулсан байдгийг сонирхъё.
УИХ-аас 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж байв. Эл хууль батлагдсанаар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах боломж бүрдсэн байдаг.
Эл хуульд Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангийн холбогдох зохицуулалтуудыг тусган хуульчилсан. Хуульд "Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, жил бүр төрийн өмчит уул уурхайн компаниудын ногдол ашиг болон Төв банкны бодлогын хүүгээс доошгүй өгөөжөөр энэ сангийн хөрөнгө өсөн нэмэгдэнэ.
Одоо бидний ярьж буй Оюутолгойгоос хүртэх ногдол ашиг нь Хуримтлалын сангаар дамжин иргэн тус бүрд нээсэн НЭРИЙН ДАНС-нд орох зохицуулалттай.
-Иргэн нэрийн данс дахь мөнгөө эмчлүүлэх, сургалтын төлбөрөө төлөх, орон сууц худалдан авахад ашиглана. Өөрөөр ашиглах боломжгүй-
Тэгвэл нэрийн данс дахь мөнгөө иргэд бэлнээр авах боломжтой юу. Түүнийг яаж, хэрхэн, хэзээнээс зарцуулах боломжтой вэ гэдэг асуулт урган гарна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд "Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмыг батлах" бүрэн эрхийг Засгийн газарт олгохоор тусгасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар 2024 оны 12 дугаар сарын 20-нд тус журмыг баталсан. Өөрөөр хэлбэл, зарцуулалттай холбоотой харилцаа эл журмын дагуу зохицуулагдаж байгаа гэсэн үг юм.
Тус журамд иргэн нэрийн дансанд төвлөрсөн мөнгөө дараах гурван чиглэлд зарцуулах боломжтой. Үүнд:
Эрүүл мэнд /Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, Монголд эмчлэх боломжгүй өвчнөөр гадаадад эмчлүүлсэн тохиолдолд/
Боловсрол /Нэрийн дансны үлдэгдэл тухайн жилийн дээд боловсролын сургалтын төлбөрийг бүрэн төлөхөд хүрэлцэх/
Орон сууц /Нэрийн дансны үлдэгдэл худалдан авах орон сууцны үнийн 5 буюу түүнээс дээш хувьд хүрсэн байх/
Хэрэв иргэн нэрийн дансанд төвлөрсөн мөнгөө энэ чиглэлд ашиглая гэвэл төрийн сангаас иргэний хувийн данс руу биш ашиглах чиглэлийнх нь буюу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, тухайн сургуулийн холбогдох дансанд эсвэл орон сууцтай холбоотой арилжааны банкны дансанд нь шууд шилжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, иргэн тухайн нэрийн данс дахь мөнгөө өөрийн данс руу шилжүүлэн авах боломж хуулиар байхгүй гэсэн үг.
Мөн асрамжийн газарт амьдарч байгаа 18 нас хүрээгүй хүүхдийн Хуримтлалын нэрийн дансны мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, эрүүл мэндийн зориулалтаар зарцуулахыг хориглосон.
-Иргэн нэрийн данс дахь мөнгөө одоо биш 2030 ОНООС л ашиглана-
Гэхдээ бид энд нэг зүйлийг мартаж болохгүй. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц чиглэлд ашиглах эрх тань 2030 оны нэгдүгээр сарын 1-нээс үүснэ. Тэр хүртэл төр Хуримтлалын санд иргэний энэ хэмжээний хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгийг хурааж, хуримтлуулах ажлыг хийнэ гэсэн үг .
-НЭРИЙН ДАНС: 1 их наядын ногдол ашгаас 280 мянга, 3 их наядын ногдол ашгаас 850 орчим мянган төгрөг хуваарилагдана-
Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэдийн нэрийн дансанд хэчнээн төгрөг байгаа вэ. Та энэ талаарх мэдээллээ “И-Монголиа” системээр харах боломжтой. Тус системд "Чингис хаан" Үндэсний баялгийн сан гэсэн хэсэгт таны нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн дүн харагдана.
Одоогоор нэг иргэний дансанд ойролцоогоор 306 мянган төгрөг байна. /Үүнд ЭТТ 1072 хувьцааны ногдол ашиг ороогүй болно/ Хуримтлалын сангаас 2025 онд нэг иргэнд 140 мянган төгрөг хуваарилжээ. Үүнд тооцсон өгөөж нь 26 мянга.
Хэрэв Оюутолгойн ногдол ашгаас Хуримтлалын санд нэг их наядыг шилжүүлбэл нэг иргэний нэрийн дансанд ойролцоогоор 280 орчим мянган төгрөг хуваарилагдана. Харин ногдол ашиг ирэх оны төсөв рүү шингэхгүйгээр бүтэн дүнгээрээ буюу 3 их наяд хэвээрээ шилжвэл нэг иргэний нэрийн дансанд 850 орчим мянган төгрөг хуваарилагдана.


