Эрт илрүүлэгт 3 настай хүүхдийн хамрагдалт 46 хувьтай байна

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж байна.
2026 оны аравдугаар сарын 15-ны байдлаар:
* Нийт хамрагдах хүүхэд: 291,998
* Үзлэгт хамрагдсан хүүхэд: 118,090
* Улсын хэмжээнд хамрагдалт: 40.4 хувь
Насны бүлгээр 3 настай хүүхдийн хамрагдалт 46 хувь, 6 настай хүүхдийнх 45 хувь, 11 настай хүүхдийнх 40 хувь, 15 настай хүүхдийнх 30 хувьтай байна.
НАС, ХӨГЖЛИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ҮЗЛЭГ
Энэ удаагийн үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна:
3 настайд — хөгжлийн болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл;
6 настайд — зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэл;
11 настайд — нурууны муруйлт, хавтгай тавхай;
15 настайд — сэтгэл зүй, бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлнэ.
Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч, урьдчилан бөглөх асуумжийн тусламжтайгаар хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлж байна.
Хүүхэд бүрийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох нь эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих, ирээдүйд үүсэж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал алхам юм.



