Ардчилсан нам үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж ажиллана

Жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдөр болдог Олон улсын “Цагаан таягтны өдөр”-ийг тохиолдуулан Ардчилсан нам Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран намынхаа үндсэн дүрмийг брайл үсгээр хэвлэн гаргахаар боллоо.
Энэхүү санаачилга нь харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, мэдлэг мэдээллээ тэлэх, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг нь дэмжих зорилготой юм.
Энэ үеэр Ардчилсан намын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэрэнлхам, Улс төрийн бодлогын газрын дарга Ц.Чинбат нар Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэлийн илгээлтийг уншиж сонордуулан, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд таван сая төгрөгийн хандив гардуулж, холбооны цаашдын ажил үйлсэд амжилт хүсэв.
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа энэ үеэр хэлсэн үгэндээ хүний эрх, тэр дундаа сурч боловсрох эрхийг хүн бүр ижил тэгш эдлэх боломжийг дэмжиж буйд талархал илэрхийлэв.
Тэрбээр “Ардчиллын суурь болсон хүний эрхийг хангах, тэр дундаа сурч боловсрох эрхийг ижил тэгш эзэмших бололцоог дэмжих үүднээс Ардчилсан нам харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан намын үндсэн дүрмээ брайл ном болгон хэвлүүлэхээр болж буйд талархаж байна. Хэдийгээр өнөөдөр ‘Цагаан таягтны өдөр’ ч гэлээ энэ бол бидний баярын өдөр биш. Өөрсдийн эрхээ нийгэмд, төрд илүү чангаар хүргэх онцгой өдөр юм” хэмээн онцоллоо.
Дашрамд мэдээлэхэд, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо өнөөдрийн байдлаар 11,400 гишүүнтэй бөгөөд харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй орон сууц, боловсролын хүртээмжийн асуудлыг Холбооны ерөнхийлөгч хөндсөн юм.
Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25.2-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжийн, түрээсийн болон ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах орон сууцны хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгахаар заасан байдаг. Гэвч уг зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй, төрийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хязгаарлагдмал байгааг Ч.Дэлгэрмаа онцоллоо.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол эзэмших эрх, боловсролын үйлчилгээний хүртээмжид анхаарах шаардлагатайг тэрбээр дурдав. Түүний хэлснээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгодог мэргэжлийн гурван сургууль төрөөс хувьсах зардлаа 100 хувь авах ёстой боловч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд 80 хувийг нь олгож байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролоос таналт хийж буй зохисгүй үйлдэл хэмээн байр сууриа илэрхийлэв.



