Манай улсаас 44 тамирчин Айчи-Нагоя 2026 пара наадамд 10 төрөлд өрсөлдөнө

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
rjkhm4_asia-para-games_x974.webp

Япон улсын Айчи муж, Нагоя хотод энэ сарын 18-24-нд болох Айчи-Нагоя 2026 пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангажээ.

Тус наадамд 45 орны 4000 орчим тамирчин спортын 18 төрөлд, 19 спортын цогцолборт өрсөлдөх юм.

Монголын багт тамирчдаас гадна дасгалжуулагч, эмч, албаны төлөөлөгч, шүүгч болон хэвлэл мэдээллийн багийнхан багтжээ. Багийн ахлагчаар Ц.Одонбаяр ажиллах бол олон улсын шүүгчээр ширээний теннисний төрлөөр Ж.Болд, таеквондогийн төрлөөр Д.Лхагвадорж нар ажиллана.

Монголын тамирчид суугаа волейбол, хөнгөн атлетик, жүдо, байт харваа, таеквондо, бочи, ширээний теннис, буудлага, пауэрлифтинг, усанд сэлэлтийн төрлөөр өрсөлдөх юм.

Тухайлбал, суугаа волейболын эмэгтэй шигшээ баг 11 тамирчинтай оролцох бол хөнгөн атлетикийн төрөлд 11 тамирчин, нэг хөтөч тамирчин оролцоно. Жүдо бөхийн төрөлд зургаа, байт харваа болон таеквондогийн төрөлд тус бүр дөрвөн тамирчин хүч сорихоор болжээ.

Мөн бочигийн төрөлд гурван тамирчин, ширээний теннисний төрөлд хоёр тамирчин оролцох бол буудлага, пауэрлифтинг, усанд сэлэлтийн төрөлд тус бүр нэг тамирчин Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөнө.

Монголын баг тамирчид Азийн наадмын тавцанд ур чадвараа сорьж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр Японыг зорих юм.