Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл өглөө. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зарим сангуудын талаар дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр, "Өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг даалгавар өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 25 сан үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 10 орчим сан нь төсвөөс хөрөнгөждөг. Эдгээр сангуудыг цаашид ямар удирдлага, менежментээр хангаж явах нь зөв бэ гэдэг асуудлаар шийдэл гаргахыг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан мөн миний бие оролцон ажиллахаар үүрэг даалгавар авсан. Түүнээс гадна эдгээр сангуудыг ялгаж харах нь зүйтэй.
Учир нь БЗС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангууд нь тодорхой журам, гэрээний үндсэн дээр чөлөөлөгдөх нөхцөлтэй байдаг учраас зарим талаараа төлөгдөхгүй байх тохиолдол байдаг. Бусад төрлийн сангууд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөгдөөд явдаг учраас хариуцлага хүлээдэг, тодорхой түвшний барьцаа хөрөнгөө бий болгодог, буцаан төлдөг гэдгээрээ онцлогтой. Тиймээс эдгээр сангуудыг бүгд буруу юм гэж хавтгайруулж харахаас илүүтэй энэ сангууд нь нийгэмд, ард иргэдэд илүү үр, өгөөжтэй байх нөхцөл боломж юу вэ гэдэгт төвлөрөх хэрэгтэй гэж үзэж байгаа.
Монгол Улсын Засгийн газар төрд байгаа бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгоно. Энэ өөрөө далд байх тусам бусдыг эрсдэлд оруулж байдаг сул талтай" гэв.