Дотоод хэргийн их сургуульд энэ жил 1300 гаруй сонсогч шинээр элсжээ

Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр /2026.10.05/ боллоо. Тус сургууль энэ жил 92 дахь хичээлийн жилээ эхлүүлж байгаа бөгөөд 1300 гаруй сонсогч шинээр элсжээ.
Дотоод хэргийн их сургууль нь хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг 92 жилийн турш бэлтгэж ирсэн юм.
Тус сургууль 2026-2027 оны хичээлийн жилд сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөтөлбөрөө шинэчлэх, цахим сургалтын орчныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөжээ.
Мөн танхимын болон цахим сургалтыг хослуулах боломжийг нэмэгдүүлж, төрийн тусгай албаны алба хаагчид ажлын байран дээрээсээ суралцаж, мэргэжил дээшлүүлэх боломжийг өргөжүүлэхээр цахим сургалтын орчноо хөгжүүлж байна.
Ийнхүү төрийн тусгай албаны хүний нөөцийг бэлтгэдэг Дотоод хэргийн их сургууль 92 дахь хичээлийн жилээ эхлүүллээ.



