ЕБС-ийн сурагчдын I улирлын хичээл аравдугаар сарын 30-нд дуусаж, нэг долоо хоног амарна

Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдөж, сурагчид дөрвөн улиралтай хичээллэж эхэлсэн. Шинэ хуваарийн дагуу нэгдүгээр улирлын хичээл есөн долоо хоног үргэлжилж, аравдугаар сарын 30-нд дуусна. Үүний дараа сурагчид нэг долоо хоног амраад, хоёрдугаар улирлын хичээлдээ орно.
Хичээлийн жилийн шинэ бүтцийг Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар баталсан. Уг хуваарийг энэ хичээлийн жилээс төрийн болон хувийн хэвшлийн бүх ерөнхий боловсролын сургууль мөрдөж байгаа юм.
Өмнөх хичээлийн жилд сурагчид гурван улиралтай хичээллэдэг байсан бөгөөд нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байв. Хичээлийн жилийн бүтцийг өөрчлөхдөө сурагчдын ачааллыг жигд хуваарилах, удаан хугацаагаар тасралтгүй хичээллэхээс зайлсхийх, амралтын хугацааг зохистой төлөвлөхийг зорьсон байна. Мөн хуваарийг шинэчлэхдээ эцэг, эхчүүдээс ирүүлсэн саналыг харгалзан үзжээ.
Ийнхүү энэ хичээлийн жилээс сурагчид дөрвөн улирал хичээллэж, улирал хооронд тогтмол амрах шинэ хуваарьт шилжээд байна.



