Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Автозамын хөдөлгөөнд гар утастайгаа цуг оролцож буй “20 ХУВЬТНУУД“

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
12 минут 27 секунд

Түгжрэл дунд юу эсийг хийх билээ дээ, манайхан. Гар утсаа оролдсон шигээ твиттер, фейсбүүк орчинг харин ч нэг хашраах шиг болдог. Харин эл үйлдэл нь жолооч нарт дасаж, сурсан энгийн л үзэгдэл мэт болов. "Арга ядахдаа утсаа оролдож л сууна" хэмээн өөрсдийгөө зөвтгөх нь олонтой.

"Та яагаад замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэсэн бэ" гэх асуултыг жолооч нараас асуухад "Яаралтай, чухал дуудлага байсан юм" тэр бүү хэл "түгжрээ дунд зүгээр суухаар гэж бодоод" хэмээн хэнэггүй гэгч нь хариулах хүмүүс олон байлаа. Зүгээр суухаар зүлгэж суу гэгчийн үлгэрийг арай л буруу дадлаар өөрсдөдөө хэвшүүлээд байна уу гэлтэй.

Нөгөө талдаа, гар утсаа оролдох нь хөдөлгөөний эрчмийг удаашруулж, зохиомол түгжрэл нэмэгдэхэд нөлөөлдөг талаар албаныхан хэлж байна. Гэтэл хувь байтугай "хувьсгалын" унаатай иргэд ч үүнийг байдлыг ухамсарлахгүй байгаад гол асуудлын зангилаа оршсоор буй.

Сүүлийн хэдхэн сарын дотор нийслэлд зам тээврийн ноцтой хэд хэдэн осол бүртгэгдлээ. Дийлэнх ослын шалтгаан нөхцөл нь анхаарал болгоомжгүй байдлаас үүдсэн байдаг. Бид зам тээврийн ослын мэдээг харж шуугиж, хэнэггүй жолооч нараас хариуцлага нэхдэг хэр өөрсдөдөө хариуцлагагүй "муу зан" суулгаж буйн жишээ бол гар утсаа оролдох явдал. Тэгвэл жолооч нарын дээрх муу зан хэр газар авсан талаар сурвалжилснаа хүргэж байна.

-Гар утас оролдож яваад цагдаад торгуулсан 19 мянган зөрчил бүртгэгджээ-

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлд гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэхийг хориглосон байдаг аж. Харин чихэвч болон Bluetooth ашиглах боломжтой гар утсыг ашиглахдаа гар оролцуулбал хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, та замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас оролдох, чихэвч ашиглалгүй утсаар ярих зэрэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй хэрэг тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.22 зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг байна. Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас оролдож яваад цагдаад торгуулсан 19 мянган зөрчил бүртгэгджээ.

-Гар утсаараа оролдож байгаа жолооч хөдөлгөөнд 20 хувийн л анхаарал төвлөрүүлж чаддаг-

Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утсаа ашигласнаар жолоочийн хариу үйлдэл үзүүлэх хурд гурван секундээр буурдаг аж. Энэ хугацаанд дунджаар 49.5 метр зайг туулсан байдаг. Мөн хөдөлгөөнд оролцохдоо гар утас тогтмол ашигладаг жолооч зам тээврийн осолд өртөх магадлал нь бусад жолоочоос 80 хувиар илүү байдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, гар утастайгаа замын хөдөлгөөн дунд найзалж яваа нөхдүүд 20 хувийн л анхаарал төвлөрөлттэйгөөр жолооны ард суудаг байх нь. Товчхондоо, эдгээр 20 хувьтнууд байгаа цагт бид эрсдлийн хажууханд үргэлж алхаж явна гэсэн үг.

“Гар утсаа оролдож, түгжрэл үүсгэснээс замын хөдөлгөөний эрчмийг хааж буйгаа жолооч нар ухамсарладаггүй"

Зам тээврийн осол, зөрчил ба хөдөлгөөний соёл сэдвээр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, ахмад Б.Энхболдтой ярилцлаа.

-Нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцдог бүртгэлтэй хэчнээн тээврийн хэрэгсэл байна вэ?

-2021 оны байдлаар Монгол Улсад хэмжээнд бүртгэлтэй 1375000 тээврийн хэрэгсэл байна. Улаанбаатар хотын хэмжээнд хоногийн мэдээг аваад үзэхэд нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 50-60 хувь нь хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр гудман замын хөдөлгөөнд түгжрэл, саатал бий болж байна гэсэн үг.

-Замын хөдөлгөөнд оролцох соёл сайжирч байгаа л гэлцдэг. Бодит байдал дээр замын хөдөлгөөнд оролцох соёл хэр байгааг багахан үйлдлээс ч ажиглах болохоор. Тухайлбал, түгжрэл дунд гарсан багахан хоромд ч гар утсаа оролддог байдал түгээмэл ажиглагддаг?

-Тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо гарны оролцоогүйгээр оролцох гар утсыг хэрэглэж болно. Гар оролцож байвал шууд зөрчил гаргаж байна хэмээн ойлгоно. Нийслэлд дан ялангуяа жолооч нар замын түгжрэл дунд гар утсаа оролдох нь түгээмэл ажиглагддаг.

Хамгийн наад захын үр нөлөөг ярья. Гэрлэн дохиотой уулзваруудад жолооч гар утсаа оролдож, гэрэл ассаныг мэдэхгүй удаан зогссоноос автоматаар түгжрэл үүсгэчихдэг. Жишээлбэл, гэрлэн дохио асахад нэг уулзвараар 30 машин гарах ёстой бол гар утсаа оролдож, түгжрэл үүсгэснээс ердөө арван машин л нэвтэрч ардаа 20 машин аваад үлдчихэж байгаа юм. Нэг ёсондоо хөдөлгөөний эрчмийг сааруулж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, гар утас оролдож яваад урд талын автомашинаа мөргөдөг байдал. Замын хөдөлгөөний дүрэмд жолооч урдаа байгаа тээврийн хэрэгслийг мөргөхөөрүй хэмжээний зай болон хурдыг тохируулж явах ёстой хэмээн заасан байдаг. Гэвч урд талын машинаа мөргөсөн жолооч нараас гар утсаа оролдож явсан эсэхийг тодруулахад үгүй л гэдэг. Түүнийг тогтоох боломж хяналтын камерийн системд байдаггүй.

-Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа оролдсон жолоочид ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7.22 дугаар зүйлд заасны дагуу 20 нэгжээр торгож, нэг оноо хасах арга хэмжээ авч ажиллаж байна.

-Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэснээс зам тээврийн ослын хохирогч болсон тохиолдол нэлээдгүй бий. Энэ мэт тохиолдол нь замын хөдөлгөөнд ч багагүй нөлөөллийг үүсгэж байдаг болов уу?

-Дан ганц жолооч гэлтгүй явган зорчигч ч автозамын хөдөлгөөнд оролцохдоо гар утас, чихэвч хэрэглэхгүй байх нь зүй. Хөдөлгөөнд оролцогч гэдэгт жолоочоос гадна зорчигч, явганаар зорчигч, унадаг дугуй, мопед, мотоциклоор хөдөлгөөнд оролцож буй талууд багтана. Сүүлийн жилүүдэд явган зорчигчид ялангуяа арван жилийн сурагчид, оюутнууд чихэвч зүүж, орчноо сонсож мэдрэхгүй байх, гарц гарамгүй хэсгээр анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцдог байдлаас үүдэн зам тээврийн ослын хохирогч болох шалтгааныг бүрдүүлж байгаа юм.

"Жолооны курст суралцахаас өмнө хөдөлгөөний соёл болон сэтгэл зүй нь бэлэн үү гэдгийг шалгах хэрэгтэй"

-Тэгвэл нийслэл гэлтгүй хөдөө орон нутгуудад ч тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаад нөлөөлөх хүчин зүйлсийг юутай холбон тайлбарлах вэ?

-Тээврийн хэрэгслийн өсөлтөд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлс бий. Автомашинууд гаалийн импортоор хямд, төсөр үнэтэй орж ирдэг. Манай улсад ялангуяа олон улсад хасагдсан тээврийн хэрэгслүүд орж ирдэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн санхүүгийн байдлаас шалтгаалан автомашин худалдаж авах чадамж нь манайханд байгаа учраас нэмэгдэх хандлагатай.

Нөгөө талдаа, хуучин автомашинаа унаж яваад осол гаргаж, хэрэггүй болоход шууд хаях байдал. Авто тээврийн тухай хууль болон бусад хууль журмандаа заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь улсын дугаарыг хурааж, гэрчилгээгээ авч очоод хасалт хийлгэх ёстой. Тэгвэл тээврийн хэрэгслийн тоо бодит тоо гарна гэсэн үг.

-Ул сууриас нь аваад үзвэл жолооч болох мэдлэг, төлөвшил, эрсдлийг эртнээс авсан байх ёстой. Гэвч манай улсад энэ төрлийн жишиг дутмаг юм шиг санагдсан?

-Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төв шалгалтыг камерийн хяналтын дор авч байгаа. Тэгэхээр сургалтыг эхлэх үйл ажиллагааг жолооны курсууд хариуцаж явуулдаг. Сургалт чанартай байна уу гэдгийг жолооны курсууд хариуцаж байна гэсэн үг. Шалгалт өгөхдөө боловсруулсан 20 картыг бөглөж байгаа нь үнэмлэх олголт учир дутагдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, шалгалтын 20 карт тухайн хүний мэдлэгийг бүрэн шалгаж чадна гэж хэлэхэд хэцүү. Энэ тал дээр олон улсууд жишгүүд бий.

Жишээлбэл, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад тухайн жолооч болох гэж буй хүнийг ТББ-аар зам тээврийн ноцтой ослын бичлэгүүдийг үзүүлж, цагдаатай харьцуулж, ямар нэг байдлаар сөрөг нөлөөлөхүйц бичлэгүүдийг үзүүлж жолооч болох уу гэдгийг тухайн сургалтаар эхлээд шийддэг. 10 хүн сургалтад орлоо гэхэд 7 нь л жолооч болох шаардлагад тэнцдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн өөрийгөө жолооч болоход бэлтгэгдэж чадах эсэхээ мэдэрч, жолооны курсэд суралцдаг гэсэн үг.

-Өөрөөр хэлбэл, хэдхэн тестээс илүүтэйгээр эхлээд эрсдлийн ойлголтыг суулгаж, сэтгэл зүйг бэлтгэх жишиг манайд дутмаг гэж хэлж болох уу?

-Тийм ээ. Ер нь үр хүүхдээ, хайртай дотнын хэн нэгнээ жолооч болгох гэж байгаа бол эхлээд үүсч болох эрсдлийг сайн ойлгуулсан байх хэрэгтэй. Жишээлбэл, зөрчил гаргавал хариуцлага хүлээнэ, зам тээврийн осол гаргавал өөрийг болоод өрөөлийг гэмтээж хохироох эрсдэл бий гэдгийг ойлгуулж, жолооч болохоос өмнөх хөдөлгөөний соёл болон сэтгэл зүйн философийн бэлтгэл бий юу гэдгийг шалгах хэрэгтэй.

-Өмнө хэлсэнчлэн жолооч болохын өмнөх хөдөлгөөний соёлд бэлтгэгдэх үйл явц ямар байвал үр дүнтэй гэж та харж байна вэ?

-Өмнө хэлсэнчлэн жолооч болохын өмнөх хөдөлгөөний болон сэтгэл зүйн бэлтгэл чухал. Иймдээ ч Боловсролын яам болон бусад холбогдох байгууллагууд руу Ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас нь эхлээд сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн ойлголтыг өгч эхлэх талаар санал хүргүүлдэг. Тэгэхээр арван жилээ төгсөхөд тухайн хүүхэд замын хөдөлгөөний дүрмийн талаар тодорхой ойлголттой болчихоно гэсэн үг. Гэтэл арван жилийн сургуульдаа мэдлэг авсан аль эсвэл 14 хоногийн жолооны курсэд суугаад төгсөх хүний сэтгэл зүй, мэдлэг ч харьцуулшгүй гэсэн үг шүү дээ.

Видео сурвалжилгыг UBN.mn пэйжээр хүлээн авч үзнэ үү.

-ДУРАН: Автозамын хөдөлгөөнд гар утастайгаа цуг оролцож буй"20 ХУВЬТНУУД"-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.