МАН-ын жагсаалтыг тэргүүлэгчид намын даргынхаа бодлого, шийдвэрийг дэмжихгүй байна

2027 оны улсын төсвийн гурав дахь хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эхэлнэ. Жил бүрийн төсвийн хэлэлцүүлэг хэрүүл маргаан, улстөржилттэй явагдаж, эцэст нь нэг юм батлагддаг. Дээрх жишиг энэ удаад ч давтагдаж байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын 100 сургуулийг "Google"-ийн нэрэмжит болгож, 100 мянган хүүхдэд дөрвөн жилийн хугацаанд 787 тэрбум төгрөгөөр Chromebook олгох асуудал юм.
Тэгвэл Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга Н.Учралын энэхүү бодлогыг намынх нь жагсаалтыг тэргүүлсэн Г.Лувсанжамц, Ч.Анар нар дэмжихгүй байгаагаа хэвлэл мэдээлэлд илэрхийлжээ.
МАН-ын жагсаалтын гуравдугаарт бичигдэн УИХ-ын гишүүн болсон Ч.Анар "Бүх хүүхдэд компьютер нэртэй chromebook худалдан авах 800 гаруй тэрбум төгрөгийн зардлыг дэмжихгүй. Түүний орон сургуулийн хүртээмжээ нэмэгдүүлэхэд төсвөө зарцуулах нь зөв. 800 тэрбум төгрөг маш их мөнгө" гэжээ.
Харин МАН-ын жагсаалтын тэргүүлсэн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Гурван жилийн хугацаанд 800 тэрбум төгрөгөөр chromebook авахыг яагаад ч дэмжихгүй. Эхлээд сургуулиа барьдаггүй юм уу. Хуванцар сандал дээр сууж байгаа улсын сургууль байна шүү дээ" гэжээ.
Эндээс, МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн гишүүд Засгийн газрын тэргүүн, намын даргынхаа бодлого шийдвэрийг дэмжихгүй байгааг харж болно. Саяхан тус намын генсек Я.Содбаатар "Засгийн газрын эсрэг дуугарсан, үйлдэл хийсэн гишүүдийг намаас хөөх дүрмийн заалттай" хэмээн мэдэгдсэн.


