Дархан хотын 65 жилийн ойд 13 аварга оролцоно

Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолны нэрэмжит үндэсний бөхийн барилдаан маргааш буюу энэ сарын 17-нд Дархан-Уул аймагт болно.
Барилдаан Дархан юнайтэд аренад 11:30 цагаас эхлэх бөгөөд улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөх зодоглоно. Түрүү бөх 10 сая, үзүүр бөх найман сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр таван сая төгрөгийн бай шагнал хүртэх юм.
Энэ удаагийн барилдааны онцлог нь Монгол Улсын аварга цолтой 13 бөх бүгд хүрэлцэн ирж, барилдааныг үзэж сонирхохоор төлөвлөсөн явдал гэдгийг Дархан-Уул аймгийн Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
Тодруулбал, Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, Даян аварга Б.Орхонбаяр, улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, О.Хангай нар оролцох аж.
Харин цахим бүртгэл үргэлжилж байгаа тул барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс хараахан эцэслэн гараагүй байна.
Ташрамд дурдахад, энэ сарын 24-нд Баянзүрх хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно. Уг барилдаанаар Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах товлолт барилдаанууд өндөрлөх юм.


