“Акуа гарден”-ы маргаан хяналтын шатанд шилжлээ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Акуа гарден”-ы гэх тодотголтой, “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Тодруулбал, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцэхээр болсон байна.
Уг хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцээд “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.
Харин Улсын дээд шүүхийн 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу гэж дүгнэжээ. Мөн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.
Үүний дагуу давж заалдах шатны шүүх 2026 оны долдугаар сарын 8-ны өдөр хэргийг дахин хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

.webp)
.webp)