ДЭМБ: 2030 он гэхэд улаанбурхан өвчнийг бүрэн устгах боломжтой

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Саиа Ма’у Пиукала 2030 он гэхэд бүс нутгийн хэмжээнд улаанбурхан өвчнийг бүрэн устгах боломжтой ч улс орнуудын хамтын ажиллагаа, дархлаажуулалтын тогтвортой хөрөнгө оруулалт шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр улаанбурхан өвчний тархалт дахин нэмэгдэж буй нь КОВИД-19 цар тахлын үеийн дархлаажуулалтын тасалдал, вакцины талаарх худал мэдээлэл нэмэгдсэнтэй холбоотойг тэмдэглэжээ.
ДЭМБ-ын тооцоолсноор 1974 оноос хойш вакцинжуулалт дэлхий даяар олон төрлийн өвчнөөс шалтгаалах 154 сая орчим нас баралтаас сэргийлсэн байна. Үүний дотор улаанбурхан өвчний эсрэг вакцин 94 сая орчим хүний амь насыг аварсан бөгөөд 12 сая нь Номхон далайн баруун бүсийн орнуудад ногдож байна.
Гэвч тус бүс нутагт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байсаар байна. Тухайлбал, 2025 онд товлолын дархлаажуулалтын нэг ч тун хийлгээгүй 1.6 сая гаруй хүүхэд бүртгэгджээ. Энэ нь улаанбурхан өвчний тархалт болон бусад халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ДЭМБ анхааруулсан байна.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын мэдээлснээр, тус бүс нутгийн эрдэмтэн, судлаачид улаанбурхан өвчнийг 2030 он гэхэд бүрэн устгах боломжтой гэдэгт санал нэгдэж байгаа аж. Мөн өнгөрсөн онд Номхон далайн арлын 21 улс, нутаг дэвсгэрт улаанбурхан болон улаанууд өвчнийг нийгмийн эрүүл мэндийн аюулын хувьд устгасныг ДЭМБ баталгаажуулжээ.
Улаанбурхан өвчнийг устгах зорилгоор Камбож, Хятад, Индонез, Лаос, Малайз, Монгол, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Вьетнам гэсэн есөн улсын төлөөлөл ДЭМБ болон мэргэжилтнүүдтэй хамтран 2030 он гэхэд зорилгодоо хүрэх арга замыг хэлэлцсэн байна.
ДЭМБ-ын зүгээс улаанбурхан өвчнийг устгахад товлолын дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, өвчний тандалтыг сайжруулах, дэгдэлт гарсан үед шуурхай хариу арга хэмжээ авах, иргэдийн вакцинд итгэх итгэлийг бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Түүнчлэн 2024, 2025 онд Номхон далайн баруун бүс нутагт жил бүр бараг 20 сая хүүхэд шинээр мэндэлсэн тул хүүхэд бүрийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах нь чухал байгааг дурдсан байна.
Др Саиа Ма’у Пиукала дархлаажуулалтыг зөвхөн зардал бус, хүний амь насыг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эдийн засгийг өвчний дэгдэлтээс хамгаалах урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэх шаардлагатайг тэмдэглэв. Түүний хэлснээр, дархлаажуулалтад оруулсан нэг ам.доллар бүр нийгэм, эдийн засагт 54 ам.доллар хүртэлх өгөөж авчрах боломжтой юм.
Тэрбээр улс орнууд улаанбурхан өвчний дэгдэлт гарсан үед л арга хэмжээ авах бус, дархлаажуулалт болон тандалтын тогтолцоонд тогтмол хөрөнгө оруулж, бүс нутгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
“Улаанбурхан өвчин хурдан тархдаг. Манай бүс нутаг түүнээс ч илүү хурдан хөдлөх ёстой” хэмээн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Саиа Ма’у Пиукала мэдэгджээ.


