Э.Батшугар: Манай намд бүлэглэл байгаа гэдэгт би итгэхгүй байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 18 мин 55 сек
01
batshugar3.webp

"Юу байна" подкастын ээлжит дугаарын зочноор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугарыг урьж ярилцлаа. Түүний ярилцлагыг бүрэн эхээр хүргэе

-2026 оны төсвийн тодотгол батлагдлаа. Тодотгол нэгэнт батлагдсан тул одоо илүү үр дүн талаасаа олон нийтэд мэдээлэл хүргэх нь зөв болов уу гэж бодож байна?

-Манай салбарт 90 тэрбум төгрөгийн нэмэгдлийг төсвийн тодотголоор баталсан. Энэ нь 11-р сарын 1-нээс эмч, сувилагч нарын цалинг 20 хувиар нэмэхэд зарцуулагдах юм.

-Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг батлахад үндсэндээ найман долоо хоногийн хугацааг зарцууллаа. Энэ хугацаанд төсвийн тодотголын хэлэлцүүлэг парламент дээр удааширлаа, улс төр нь давлаа гэх шүүмжлэл нэлээдгүй гарсан. Ер нь төсвийн тодотголын хэлэлцүүлгийг илүү богино хугацаанд хийгээд батлах боломжтой байсан гэж та харж байна уу?

-Төсөв баталдаг процесс нь өөрөө хуультай. Тодорхой хэлэлцүүлэгт хугацаа шаардагддаг. Яалт ч үгүй тодорхой шалтгааны улмаас парламент дээр ирц бүрдэхгүй байх асуудал гарсан. Гэхдээ өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээе. Ямар ч байсан төсвийн тодотгол батлагдсан. Эмч, сувилагч нарын цалинг 20 хувиар нэмэх боломж бүрдлээ.

-20 хувь гэдэг дээр тодотгоод асууя. Нэг эмчийн гар дээр ирэх цалин ойролцоогоор хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?

-Тухайн эмч, сувилагчийн ажилласан жилээс шалтгаалж энэ дүн өөр өөр байгаа. Орон нутагт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын хувьд суурь цалин 40 хувиар нэмэгддэг. Тиймээс яг тийм гэж нарийн тоо хэлэхэд хэцүү. Нөгөө талдаа сувилагч нар ч адилхан. Эмч нарын хувьд ч суурь цалин, илүү цагийн хөлс гээд цалингийн хувьд харилцан адилгүй.

-Төсвийн тодотголоо батлаад авлаа. Одоо дараагийн чухал ажил бол ирэх оны төсвөө батлах явдал. Ирэх онд эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Ирэх оны төсөвт танай салбарын ямар бодлогууд тусаж орж ирсэн бэ?

-Ирэх оны төсвийг бид ЗГ, яам гэдэг талаасаа илүү иргэн хүний нүдээр харж боловсруулсан. Би эрүүл мэндийн салбарын үйлчлүүлэгч байсан бол надад юу хэрэгтэй байх байсан бэ гэдэгт анхаарч ажилласан гэсэн үг. Хамгийн том асуудал эм дээр байна. Ирэх онд манай салбар тэр дундаа эмийн салбарт реформын шинжтэй бодлогын өөрчлөлтүүд орж байгаа. Ялангуяа хөнгөлөлттэй эм дээр. Эхний ээлжид хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулна. Нэн шаардлагагүй, эмнэлзүйн шаардлагагүй эмүүдийг хасна. Эсрэгээрээ эмнэлзүйн заавартай, чанартай эмийг оруулна.

Хоёрдугаарт, иргэдээ хамтын төлбөрөөс чөлөөлнө. Энэ нь 40 хувь байгаад байна. Ялангуяа тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнууд, насанд хүрээгүй хүүхдүүдийн хамтын төлбөрийг чөлөөлье гэж байгаа юм. Өнгөрөгч 2025 оныг харахад, эмд 160 тэрбумыг зарцуулсан. Гэтэл иргэн хамтын төлбөрийн үүднээс халааснаасаа 100 тэрбумыг гаргаад зарцуулчихсан байна. Тиймээс энэ удаа 240 мянган иргэнийг хамтын төлбөрөөс чөлөөлнө. Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас болон бусад олон улсын байгууллагуудын судалгаа байна. Хамтын төлбөр гэдэг зүйл өөрөө иргэнд санхүүгийн дарамт авчирч байна. Ялангуяа ахмадууд тэтгэврийнхээ 70-80 хувийг эмэнд зарцуулж байна. Ингэхдээ зүрх судас, сахар чихрийн шижингийн эм гол төлөв дарамт учруулж байна. Гэхдээ хавтгайруулж чөлөөлөхгүй. Тэтгэврээс өөр орлогогүй, насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чөлөөлнө. Энэ нь иргэдээ эрүүл байлгахад тодорхой хэмжээнд дэмжлэг болно. Учир нь өнгөрсөн онд 240 мянган иргэн тодорхой шалтгааны улмаас тогтмол уух ёстой эмээ ууж чадаагүй. Шалтгаан нь худалдаж авч чадаагүйгээс үүдэлтэй. Үүнээс улбаалж тухайн иргэний өвчин хүндрэх, бие нь зовиурлах цаашилбал эмнэлэгт хэвтэх хүртэл хүндэрч байна. Тиймээс архаг өвчтэй иргэд маань эмээ тогтмол уугаад явбал өвчин нь хүндрэхгүй.

Гуравдугаарт, чанартай эм. ДЭМБ-аас хатуу зохицуулалттай улс орнуудын жагсаалтыг гаргасан байдаг. Энэ нь баталгаатай, хамгийн чанартай эмийг үйлдвэрлэдэг улсууд юм. Азид БНСУ, Япон, Сингапур гэх гурван улс багтдаг. Үүн дээр Европын холбооны улсаас Франц, Англи, Америк зэрэг орсон байдаг. Хэрэв манай эм ханган нийлүүлэгч компаниуд эдгээр улсуудаас эм оруулж ирвэл түүнийг нь хөнгөлж өгье гэж байгаа. Нэг ёсондоо иргэдээ чанартай эмээр хангана. Нөгөөтээгүүр өнгөрөгч долоодугаар сард Монгол Улс анх удаа эмийн лабораторитой болсон. Ерөнхий сайдын зүгээс тухайн лабораторийн нээлтийн үеэр зах зээл дээр байгаа эмүүдийн шинжилгээг хийх үүрэг даалгаврыг өгсөн. Үүний дагуу эхнээс нь түүврийн байдлаар шинжилгээг хийж байна. Одоогийн байдлаар стандарт хангаагүй зургаан төрлийн эмийг зах зээлээс татуулсан. Энд нэг зүйл бий. Би Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараагаар эмд ийм их мөнгө зарцуулдаг мөртлөө яагаад хүрэлцээгүй байдаг юм бол гэж бодсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад оруулж ирж байгаа эмийн жагсаалт болон и баримтаас хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг татаж үзээд хэн, хаана хэдэн хувийн ашгийг хийж байна вэ гэдгийг судалсан. Тэгэхэд бөөний эм ханган нийлүүлэгч нар бараг 40 хувийн ашиг хийгээд байна. Үүнээс цааш жижиг эмийн сангууд ч тодорхой ашиг хийж байна. Миний баримталж байгаа бодлого бол, хөнгөлөлттэй эм дээр битгий ашиг хийгээч ээ гэдэг зүйл. Тэртэй тэргүй зах зээл дээр 4300-аад эм эргэлдэж байна. Үүний 669 нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бий. Мэдээж зардал гарч байгаа юм чинь түүнийгээ нөхнө. Хувийн хэвшил тодорхой хэмжээний маржин ашиг хийнэ. Гэхдээ энгийнээр хэлэхэд, цөм цөм ашиг хийх нь буруу л байхгүй юу. Иймээс хоёр том өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, эмийн гаалиар орж ирж байгаа үнэ болон гаалийн бүрдүүлэлтийн татвар, НӨАТ-ыг нь харна. Үүнээс нэмэх ашгийг нь тооцно. Үүнээс 40-70 тэрбумыг хэмнэнэ. Хэмнэсэн мөнгөө хөнгөлөлттэй эмийн хүртээмж чиглэлд зориулна. Илүү сайн чанартай эм авч, хүртээмжтэй байлгая гэсэн зорилт юм. Хоёрдугаарт, ирэх жилээс нэгдсэн худалдан авалт болон нэг эх үүсвэрийн худалдан авалт хийнэ. Би сүүлд лавлагаа шатны эмнэлгүүдийн ямар эм худалдаж авч байна вэ гэдэг мэдээллийг татаж харсан. Өнгөрсөн оны тайланг харахад бараг 370 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаж авсан. Гэтэл 2,3-хан том эмнэлэг худалдан авах агентлагаар дамжуулж худалдан авалтаа хийсэн. Бусад эмнэлгүүдийн хувьд өөрсдөө тендерээ зарласан. Нэг ёсондоо ямар ч хяналтгүй байсан гэсэн үг. Жишээлбэл, нэг компанийн үйлдвэрлэсэн хавдрын бай эмчилгээний эмийг зарим эмнэлэг нь 1.8 сая төгрөгөөр худалдаж авсан байхад нөгөө эмнэлэг нь 3.7 сая төгрөгөөр авчихсан байх жишээтэй.

-Тэгэхээр ямар ч хяналтгүй явж ирсэн гэсэн үг шүү дээ?

-Яг үнэн. Тиймээс ирэх жил нэгдсэн худалдан авалт хийнэ. Дор хаяж 10-20 хувь хэмнэнэ. Түүгээрээ сайн чанартай эмийг хүртээмжтэй худалдаж авахад зарцуулна. Тэгэхгүй бол бодит амьдрал дээр ямар кейс гардаг вэ гэхээр, нэг эмнэлэгт очиход тийм дусал, гуурс аваад ир гэдэг. Тэгж болохгүй шүү дээ. Эмтэй холбоотой өөр нэг зүйл ярихад, "Гэрт ойр эмийн сан" тогтолцоо руу шилжмээр байна. Одоогийн байдлаар 43 хороо, 40-өөд сум эмийн сангүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хороо, сумдад байгаа иргэд өөрт хэрэгцээ шаардлагатай эмээ худалдаж авч чадахгүй байна гэсэн үг. Үүнийг санхүүгийн хөшүүрэг байдлаар шийдвэрлэнэ. Бид хөдөө орон нутаг болон нийслэл дэх эмийн сангийнхаа судалгааг хийчихсэн. Иргэн гэрээсээ гараад 15-20 минут алхаад эмийн санд очиж хэрэгцээтэй эмээ авах боломжийг нь нээж өгөх ёстой. Хэрэв тухайн байршилд эмийн сан нээвэл зарах эмд нь тодорхой хэмжээний ашгийн маржин өгнө. Нэг ёсондоо санхүүгийн хөшүүрэг өгч буй хэрэг юм.

-Цалин, тэтгэвэр нэмснээр инфляц үйлдвэрлэнэ гэж яриад байна. Бид ингэж механикаар бодож болохгүй шүү дээ. Энэ чинь онолтой зүйл-

batshugar2.webp

-Та сая яриандаа хөнгөлөлттэй эм дээр цөм, цөм ашиг хийгээд байна гэдэг зүйлийг хэлж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарыг хэрсэн эмийн мафи үүссэн байна гэдгийг олон баримт харуулах болсон шүү дээ. Эм чиглэлд авч хэрэгжүүлэх бодлого тань эргээд эмийн "картелууд"-аас нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарах болов уу?

-Манай компаниуд ойлгох байлгүй дээ. Бид эцсээ хүртэл монголчуудынхаа эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Төр тодорхой хэмжээнд зохицуулалтаа хийнэ. Хэрэв ямар нэг байдлаар хомсдол үүсгэх гээд байвал Монополын эсрэг газар, хууль хяналтын байгууллагад ч хандах боломжтой. Эцсийн дүндээ миний зорилго бол монгол хүний эрүүл мэнд, иргэдээ урт наслуулах явдал.

-Эрүүл мэндийн яамны ирэх оны төсөв өнгөрөгч оноос 700 тэрбумаар нэмэгдэж орж ирсэн байна. Энэ хэмжээний зөрүү яг юунд зарцуулагдах вэ?

-Салбарын төсвөө зүйл бүрээр нь задалж яривал их зүйл болно. Гэхдээ ингэж ойлгож болно. ЭМДС 3 их наяд байгаа. 700 тэрбум нь ЭМЯ харьяа газруудын цалин хөлс, урсгал зардалд зарцуулагдана.

-Жишээлбэл, ирэх онд эмч ажиллагсдын цалин хэдэн хувиар нэмэгдэх вэ?

-10 хувиар нэмнэ. 2026 оны цалингийн нийт зардал 1.1 их наяд төгрөг. 2027 онд 1.8 их наяд болно.

-Эрүүл мэндийн салбарт шаардлагатай төсөв хөрөнгөө суулгаж чадсан гэж та харж байгаа юу?

-Засгийн газар нэгдсэн бодлоготой байх ёстой. Шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ тодорхой зохицуулалтуудаа хийгээд явна. Нөгөө талдаа Монгол Улс чинь тийм ч баян улс орон биш шүү дээ. Бидний санхүүгийн багтаамж нь өөрөө ямар билээ. Гэхдээ Монгол Улс бол хөгжиж буй орон. Хөгжсөн орнууд бүгд л Монгол Улсын замаар явсан. Манай улс харин ч хурдтай хөгжиж байгаа гэж би бодож байна. Нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлтүүдээ харахад, Солонгост 1991,1992 оны үед одоогийн монголтой адил байсан. Гэхдээ бид гүйцэх гээд жийгээд л байна шүү дээ.

-Та яриандаа Засгийн газраас оруулж ирсэн төсвөө шүүмжлээд байхгүй шүү дээ гэдэг зүйлийг хэлж байна. Гэхдээ та эдийн засагч хүн шүү дээ. Гишүүдийн зүгээс ч энэ оны төсвийн төслийг бусад онуудтай харьцуулахад маш өндөр дүнтэй орж ирсэнд шүүмжлэлтэй хандаж байна. Та эдийн засагч хүний хувьд ЗГ-аас өргөн барьсан төсвөө хэрхэн дүгнэж байгаа юм бэ?

-Ирэх онд нийт төрийн алба хаагчдын цалинг 10 хувиар нэмж байгааг та бүхэн мэдэж буй байх. Мөн ахмад настнуудынхаа тэтгэврийг нэмж байгаа. Нэг ёсондоо эдгээр нь өнөөдрийн хүнд нөхцөл байдалд эдийн засгаа дэмжсэн бодит алхмууд гэж ойлгож болно. Хүмүүс инфляц үйлдвэрлэнэ гэж яриад байгаа юм. Гэхдээ бид тэгж механикаар бодож болохгүй шүү дээ. Монгол Улсын эдийн засгийг харъя л даа. Монгол Улс хоёр тусдаа эдийн засагтай болчхоод байна. Уул уурхайд тусдаа эдийн засаг бий болчихсон. Нөгөө талд ард иргэдийн эдийн засаг. Уул уурхайн эдийн засаг тэлж байна. Энэ муу зүйл биш. Сайн зүйл. Харин нөгөө талд иргэдийн эдийн засаг унаад байгаа юм. Ийм хүнд нөхцөлд иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлж, уул уурхайн орлогоороо тодорхой хэмжээний бүүст хийдэг. Нэг ёсондоо цалин, тэтгэвэр нэмэх нь иргэдийн эдийн засгийг дэмжинэ. Яагаад гэвэл тухайн хүн мөнгөө халааслаад суухгүй. Түүгээрээ худалдан авалт хийнэ, эргэлдүүлнэ. Түүгээр жижиг дунд бизнесүүд орлоготой болно. Тухайн орлогоороо бизнесээ тэлнэ, нэмж ажлын байр бий болгоно.

Харин эдийн засаг маш халчихсан байгаа үед төсвөөр "халаачихвал" инфляц үүснэ. Цайгаар яривал дэвэрнэ. Энэ чинь өөрөө онолтой зүйл шүү дээ.

-Өнгөрсөн жил ханиад нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 1.6 хувь нь л вакцин хийлгэсэн байсан. Энэ жил тархах магадлалтай рино вирусийн эсрэг вакцин 70-80 хувь хамгаална-

batshugar5.webp

-Дараагийн сэдэв рүү орохын өмнө өөрөөс тань нэг зүйлийг асуумаар байна. Та өмнө яриандаа салбараа сайдын хувиар гэхээс илүүтэйгээр үйлчлүүлэгчийн нүдээр харж байгаа гэж. Та хамгийн сүүлд улсын эмнэлэгт үйлчлүүлэгчийн хувиар хэзээ орсон бэ?

-Нэлээн хэдэн жилийн өмнө хөлөө хугалаад ГССҮТ орсон. Эрүүл байх, өвдөхгүй байна гэдэг чинь муу зүйл биш биз дээ. Гэхдээ та үйлчлүүлэгчийн хувиар гэж асуусан шүү дээ. Харин сайдын хувиар эмнэлгүүдээр зөндөө явж байгаа. Гэхдээ би сайдын хувиар эмнэлгүүдээр очиж ажиллахдаа урьдчилж хэлдэггүй шүү. Шууд л давхиад ордог юм. Нөгөөдүүл нь жаахан гайхдаг л юм.

-Уг нь тэр л илүү зөв зарчим байх, тийм үү?

-Бодит нөхцөл байдлыг хармаар байна шүү дээ. Хамаг юмаа арчиж зүлгээд, угаачихсан баймааргүй байна. Би бодит нөхцөл байдалтай танилцах гэж очиж байгаа шүү дээ.

-Үүнийг асуусан шалтгаан нь, энгийн иргэд бид эмнэлгээр очиход оочир дараалал, хүнд суртлаас авхуулаад асуудал их л дээ. Тийм болохоор та үйлчлүүлэгчийн хувиар харахад энэ салбарт хамгийн түрүүнд төвлөрч ажиллах ямар асуудлууд байна гэж харсан бэ гэдгийг л асуух гээд байгаа юм?

-Маш олон асуудлууд байна. Гэхдээ эхнээс нь цэгцлэх гээд явж байна. Манай эрүүл мэндийн салбар иргэнээ гэсэн энэрэнгүй салбар. Хувийн даатгалгүй бол танд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй гэдэг харгис улс орон ч байдаг. Би ийм улс оронд зөндөө л очиж явсан. Нөгөө талдаа салбарын асуудлыг хоёр түвшинд ярих нь зөв. Нэгдүгээрт, өрхийн эмнэлгүүд. Хоёрдугаарт, лавлагаа шатны эмнэлгүүд. Гэхдээ бид маш олон зүйлийг шийдээд явж байна. Мэдээж тодорхой хэмжээний хүнд сурталтай холбоотой асуудлууд бий. Үүнээс авхуулаад засаж янзлах зүйл байна. Оочир дарааллын асуудлыг иргэд над руу өдөр бүр л бичиж байна. Дор хаяад и монголиагаар цаг аваад очиход цаг нь байхгүй болчихсон эсхүл давхардсан байна гэдэг асуудлыг ч хөнддөг. Гол нь системээ нэгтгэх ёстой. Ирэх жил бид цахимжилт тал дээр цоо шинэ зүйлийг салбартаа нэвтрүүлэхээр зорьж байна. Эрүүл мэндийн датаг шейрлэдэг системийг нэвтрүүлэх гэж байна. Нэг ёсондоо эрүүл мэндийн салбарын ХУР гэсэн үг. Мөн иргэний бүрэн цахим карттай болгоно. Анхан шат дээр тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийчихсэн байгаа шүү. Өрхийн эмнэлэг бол иргэддээ хамгийн ойр эрүүл мэндийн нэгж. Өмнө нь өрхийн эмнэлгүүд хоёр төрлийн санхүүжилт авдаг байсан. Статус нь хагас нөхөрлөл шүү дээ. Тухайн хорооны иргэнийхээ тоогоор норматив санхүүжилт аваад дараа нь тусламж үйлчилгээнийхээ гүйцэтгэлийн санхүүжилтээ авдаг байсан. Харин одоо иргэн өрхийн эмнэлэгтээ очих бус эмч өөрөө иргэндээ очиж үйлчилдэг болсон. Өөрөөр хэлбэл, норматив санхүүжилтээ 100 хувь авмаар байна гэвэл тухайн өрхийн эмч хорооныхоо иргэдийг бүртгэх ёстой. Иргэдэд нь өвчин, зовиур бий эсэх тал дээр эрсдэлийн түвшинг гаргана. Мөн олон улсад 1500 иргэнд нэг өрхийн эмч гэх стандарт бий. Монголд энэ тоо 1900 байгаа. Эрсдэлийн үнэлгээг нь гаргаад хяналт тавьж ажиллавал 20 хувиар бонус өгье гэж байгаа.

Иргэнээ эрүүл байлгах нь илүү чухал. Эхлээд эрсдэлийг нь тодорхойлоод хяналтдаа аваад, хүндрүүлэхгүй байх нь ЭМЯ-ны иргэнээ эрүүл байлгах хамгийн чухал бодлого.

-Өвөл хаяанд ирсэн энэ цаг үед иргэд олон нийтийн хамгийн ихээр санаа зовдог асуудал бол томуу, томуу төст өвчний эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал. Шууд л асууя. Танай салбар өвөлд бэлэн байна уу?

-Чадахаараа л зохицуулалтуудаа хийгээд бэлдсэн. Үүнд хэд хэдэн зүйлийг ярина. Нэгдүгээрт, сая миний ярьсан зүйл бол бэлтгэл ажлын маань нэг хэсэг. Одоогийн байдлаар өрхийн эмнэлгүүд 1.5 сая иргэнээ бүртгэж, эрсдэлийн үнэлгээгээ хийж, тодорхойлчихсон байна. Хоёрдугаарт, эмнэлгийн коридорт хүүхэд хэвтүүлэхгүй байх үүднээс хэд хэдэн бэлтгэл ажлыг хангаад байна.

Эрсдэлтэй бүлэг буюу 5-аас доош насны хүүхдүүдээ вакцинжуулах. Өнгөрөгч 2025 онд 300 мянган тун вакцин худалдаж авсан. Харин энэ онд 500 мянган тун вакцин худалдаж авсан. Өнөөдрийн байдлаар /2026.10.16/ вакцинжуулалт улсын хэмжээнд 78 хувь, нийслэлд 84 хувьтай үргэлжилж байна. Дараагийн асуудал бол орны асуудал. Өнгөрсөн онд томуугийн оргил үед 1200 орыг нийслэлд ашигласан. Одоогийн байдлаар үүнээс 2 дахин их буюу 2400 орыг Улаанбаатар хотод бэлдээд байна. Улсын хэмжээнд 4400 ор бэлэн байна. Гэхдээ бид ор бэлэн гээд хүүхдүүдээ эмнэлэгт хэвтүүлээд баймааргүй байна шүү дээ. Хүндрүүлмээргүй байна гэсэн үг шүү дээ. Мөн Засгийн газраас төрийн алба хаагчийн 6-аас доош насны хүүхэд нь томуугаар өвдвөл тав хоногийн цалинтай чөлөө олгох, цахимаар ажиллуулах шийдвэрийг гаргасан. Энэ нь өнгөрсөн онд маш амжилтай хэрэгжсэн шийдвэрийн нэг. Мөн өрхийн эмнэлгүүдээ амралтын өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ. Нөгөө талдаа эмнэлэг гэхээсээ илүү гэрийн эмчилгээнд суурилмаар байгаа юм. Хэчнээн халдваргүйжүүлэлт хийдэг ч гэлээ эмнэлгийн орчинд вирус байгаа шүү дээ.

-Эмийн нөөцийн тухайд?

-Эм, эмнэлгийн хэрэгсэл болон оношлуурын 30-360 хоногийн нөөц байна. Хангалттай хэмжээнд байгаа гэж үзэж байна. Энэ мэтчилэн бид нэлээдгүй их бэлтгэл ажлыг хангаад байна. Нөгөө талдаа иргэд маань хамгийн наад зах нь гараа угаах, даарахгүй байх, амны хаалт хэрэглэх гэх мэт цар тахлын үед авч байсан урьдчилан сэргийлэх алхмуудаа дагах нь зөв. Вирусийн эсрэг эмийн нөөц хангалттай байна. Надаас иргэд томуугийн өвчлөлийн үеэр яах вэ гэж их асуудаг. Вирусийн эсрэг эм уух, дархлаагаа дэмжих. Мөн вирусийн эсрэг байгалийн хүнс байдаг юм билээ. Жишээлбэл, саримс байна.

-Үе үеийн сайд нар өвөл эхлэхийн өмнө гарч ирээд "Энэ өвөл коридорт хүүхэд хэвтүүлэхгүй" гэдэг амлалтыг хэлдэг. Гэвч бодит нөхцөл байдал дээр энэ амлалт нэхэгддэг. Та энэ өвөл коридорт хүүхэд хэвтүүлэхгүй байхад амлалт өгч чадах уу?

Манай ЭМЯ болон Засгийн газар бололцоотой бүх зүйлээ дайчлаад бэлтгэлээ хангаж байгаа. Гэхдээ би амлалт өгч чадахгүй. Би ер нь нэг л зүйл дээр амлалт өгдөг. Би хэзээ нэг цагт амьсгал хураана. Бусад бүх зүйл энэ хорвоо дээр харьцангуй шүү дээ. Энэ бол философийн шинжтэй хариулт шүү.

-ОХУ-д гарсан уушгины хатгалгаатай холбоотой мэдээллийг та бүхэн тогтмол авч байгаа юу. Сүүлд ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотод сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Шадар сайд хэлсэн?

-ОХУ-аас манай улсад хэд хэдэн алба захиа ирсэн. 28 настай эмэгтэй аравдугаар сарын 2-нд нас барсан. Тухайн иргэнээс эсийн дээжийн шинжилгээг авахад ямар нэг тахлын бактери илрээгүй гэсэн. Харин хатгаагаар нас барсан гэж гарсан. Болзошгүй эрсдэлээс сэргийлж 200 иргэнийг тусгаарласан. Карантиныг нь бараг л тавьж байгаа болов уу. БНХАУ-д ямар нэг албан мэдээ гараагүй. Иргэддээ сануулах, сэрэмжлүүлэх агуулга бүхий мэдээлэл л сайтад тавигдсан. Монгол Улс болзошгүй эрсдэлээс сэргийлж, тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангаад байна. ДЭМБ судалгаа хийгээд эрсдэл бага гэж дүгнэсэн.

-ОХУ-д хатгаа гарсан гэдэг нь баттай болчихлоо шүү дээ. Магадгүй хил орчмын бүсээр энэ хатгаа орж ирлээ гэж бодоход манай улс бэлэн байгаа юу. Яг томуу, томуу төст өвчин нэмэгддэг үе шүү дээ. Энэ утгаараа тухайн хатгаатай хавсрах вий гэдэг болгоомжлол эцэг, эхчүүдийн дунд байна?

-Тахал гайгүй гэж бодож байна. Юутай хавсардаг вэ гэвэл хатгаа юм билээ шүү. Тиймээс аль болох хатгаа болгохгүйгээр эмчилгээгээ сайн хийх хэрэгтэй. ӨЭМТ-үүд иргэнийхээ эрсдэлийг тодорхойлох, хяналтдаа байлгах, вакцинжуулалтад хамрагдах гэх мэт. Дашрамд дурдахад, өнгөрсөн жил ханиад нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 1.6 хувь нь вакцин хийлгэсэн байсан. 98.4 хувь нь вакцин хийлгээгүй байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, вакцин хэр үр дүнтэйг тоо харуулчхаж байна. Томуугийн оргил үед 11-р сарын 24-нөөс эхэлдэг. Одоогийн авч буй мэдээллээр, рино төрлийн вирусийн тархалт байна. Бидний тарьж буй вакцин нь рино вирусийн эсрэг 70-80 хувиар хамгаална. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд, вакцинаа хийлгээрэй. Учир нь вакцин хийлгэснээс хойш дор хаяж 14 хоногийн дараа дархлаа тогтдог шүү.

-“Авлига авч байгаад баригдвал ямар ч өршөөлгүй шүү” гэж сайдын хувьд салбарынхандаа хатуу сануулж байгаа. Иргэддээ хандаж хэлэхэд, юм нэхээд байвал надад хэлчих. Цуг барья-

batshugar1.webp

-Үргэлжлүүлээд танай салбартай холбоотой зарим асуудлыг тодруулъя гэж бодлоо. Та сайдаар томилогдсоноосоо хойш ямар нэг томилгоо хийв үү?

-Нээх хийгээгүй шүү.

-Нээх гэдэг нь?

-Би бүх зүйл дээр ил тод, нээлттэй байдаг. Яам дотроо нэг газрын даргын томилгоог хийсэн. Бусад томилгоо хийгээгүй. Засгийн газрын тогтоолоор манай харьяа шинээр Өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төв байгуулагдсан. Тухайн газрын даргын томилгоог хийсэн. Гэхдээ удахгүй сонгон шалгаруулалт зарласан. Ер нь би энэ салбарт нэг ч хүн танихгүй. Нөгөө талдаа би эмнэлгүүдээ ТУЗ-төй болгох гээд ажиллаж байна. Засаглалын энэ тогтолцоо маш зөв жишиг юм билээ. Захиралд ТУЗ хяналт тавина. Худалдан авалт, санхүүгийн менежментээс авхуулаад тодорхой асуудлуудад хариуцлага тооцно.

-Сайд аа, танай салбарт авлигын асуудал хэр байна. Та салбарын сайдаар томилогдоод 5 сар болж байна. Салбарынхаа мэдээллүүдийг татаж аваад харж л байгаа байх?

-Би ямар нэг байдлаар авилга авбал өршөөлгүй шүү гэж салбарынхандаа хатуу сануулж байгаа. Яам болон эмнэлгийн худалдан авалтыг худалдан авах газраар хийлгэнэ. Оролцохгүй. Нөгөө талдаа би ЭМДС-гийн нэг төгрөг бүрийг үр ашигтай зарцуулахад анхаарч ажиллаж байгаа.

-Сүүлд ЭМДС-гийн захирал асан Л.Бямбасүрэнгийн авлигын хэрэг шүүхээр шийдэгдэж, 13 жилийн хорих ял сонслоо. Би үүгээр дамжуулж танай салбарын хариуцлагын асуудлыг л хөндөх гээд байгаа юм. Ер нь аль ч салбарт сайд дарга нар гэхээс илүүтэйгээр дунд доод шатны албан тушаалтнуудаараа "туг тахиад" өнгөрч байна гэх шүүмжлэл гарсаар байна?

-Шүүх өөрөө тусдаа засаглал. Хууль хяналтын байгууллага нь мөрдөн шалгах ажиллагаагаа хийгээд, прокурор нь яллах дүгнэлтээ бичээд шүүхэд шилжүүлсэн. Ийм процесс дээр би ямар нэг дүгнэлт хэлэх нь зохимжгүй. Харин би үзэгчдэдээ хандаж хэлэхэд, манай салбарт ямар нэг авилга байвал, юм нэхээд байвал надад хэлчих. Би түүнийг нь цуг барья. Таслан зогсооё.

-Манай намд бүлэглэл байгаа гэдэгт би итгэхгүй байна-

batshugar4-1.webp

-Хоёулаа танай салбарын талаар нэлээдгүй ярилцлаа. Одоо харин би таныг улстөрч хүний хувьд тодорхой асуудлуудад өөрийн байр сууриа илэрхийлэх болов уу гэж бодож байна. Та парламентад 2021 оноос хойш орж ажиллалаа. Парламент дээр ажил хэр урагштай байна. Гишүүд ажилдаа хэр хандаж байна. Та залуу гишүүний хувьд юу гэж харж байна вэ?

-Бид Үндсэн хуулиа өөрчилж, үр дүнд нь парламент 126 гишүүнтэй болсон. Энэ парламентад таван намын төлөөлөл багтсан парламентад ажиллаж байна. Мэдээж УИХ-д туршлагатай, шинэ залуу болоод хууль, эдийн засагч гээд салбар бүрийн төлөөлөл болсон хүмүүс орж ирсэн. Парламентаа муулах эрх надад байхгүй. Бид парламентын засаглалтай улс. Аль ч улсад байдаг шиг харилцан адилгүй ажиллаж буй гишүүд бий. Гишүүдийг дүгнэхэд маш амархан шүү дээ. Хамгийн энгийн индикатор бол шинээр болон нэмэлт өөрчлөлтөөр хэчнээн хууль санаачлав. Энэ нь parliament.mn сайтад нээлттэй байгаа шүү дээ.

-Танай намын бүлэг дээр гишүүд байр сууриа хэр нээлттэй илэрхийлдэг вэ?

-Чөлөөтэй байдаг шүү. Манай нам чинь дотоод ардчилал маш өндөртэй.

-Өнгөрсөн жилээс хойш танай намын бүлэг дотор талцал хуваагдал хүчтэй ажиглагдлаа. 30,38-ийн бүлэг гэх нэршил хүртэл гарчихлаа. Ер нь таны ажиглаж буйгаар 30,38-ийн бүлэг гэж бий юу. Танай бүлгийн дарга байхгүй л гэх юм. Гэхдээ хөндлөнгөөс ажиглаад харахад байгаа л юм шиг?

-Хүн бүр өөрийн гэсэн дүгнэлтээ хийнэ байх. Бид бол нэг мөрийн хөтөлбөрөөр сонгуульд орж, ялсан нам. Энэ утгаараа бүлэглэл гэхээр зүйл харагдахгүй байгаа. Би өөрөө ч итгэхгүй байна.

-Таны хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. ОУ-ын байгууллага болоод Монголбанканд ажиллаж байсан. Гэхдээ яагаад улс төр рүү орсон юм бэ?

-Хувь заяа л гэж хэлмээр байна. Нэг өглөө сэрээд л улс төр рүү оръё гээгүй. Ар араасаа эвлүүлэгдэж явсаар өнөөдөрт ирсэн байна.

-Та хунтайж нар гэх хэллэгийг сонссон л байх. Улстөрчдийн хүүхэд Монголбанк гэдэг юм уу тодорхой байгууллагаар дамжаад улс төр рүү крандуулдаг гэх ойлголт үүсчихсэн. Та ч энэ шүүмжлэлийн дундуур явж ирсэн. Таныг ихэнхдээ аавтай тань холбодог шүү дээ?

-Бид чинь ардчилсан Үндсэн хуультай улс. Хүн өөрөө сонголт хийх нь эрх чөлөө. Шүүмжлэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хувь хүн өөрийн итгэл үнэмшлээрээ л зөв зүйтэй амьдрах нь чухал шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд асуухад, үе үе Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудал яригддаг боллоо. Та үүнийг юу гэж харж байна?

-Засгийн газар гэхээс илүүтэйгээр ЗГ-ын тэргүүн буюу хувь хүнийг нь яриад байна. Аливаа улс тогтвортой засаглалтай байж хөгжинө. Ийм хүнд хэцүү үед Засгийн газар тогтвортой байх чухал. Энэ нь ЗГ-т гэхээсээ илүү Монгол Улсын иргэдэд хэрэгтэй зүйл. Бид чинь дотооддоо эдийн засгаа хамгаалах ёстой шүү дээ. Улс орноо хөгжүүлэх хэрэгтэй. Улс орноо хөгжүүлмээр байна шүү дээ.

ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭХ: