Al Jazeera Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай баримтат кино бүтээжээ

Катарын Al Jazeera телевизийн “101 East” эрэн сурвалжлах нэвтрүүлэг Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай “Murder in Malaysia: Justice for Altantuya Shaariibuu” нэртэй баримтат бүтээлээ энэ сарын 17-нд албан ёсны цахим хуудсандаа нийтэлжээ.
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн шалтгаан, хэрэгт өөр хүмүүс оролцсон эсэх асуудал олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн. Тухайлбал, хэрэгт холбогдсон цагдаагийн нэгэн алба хаагч Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн тушаалаар ажилласан гэх мэдэгдэл хийсэн ч Нажиб Разак уг хэрэгт холбоотой гэдгээ үгүйсгэдэг.
Al Jazeera-гийн мэдээлснээр, “101 East” нэвтрүүлгийн баг Монгол, Малайз, Франц, Австралид ажиллаж, хэргийн шүүх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх мэдээлэл, Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдуулан яригддаг шумбагч онгоцны хэлцэл болон улс төрийн хуйвалдаан байсан эсэх асуудлыг судалжээ.


