С.Такаичи: Нөмрөгийн түймрийн хор уршгийг арилгах, хохирсон бүс нутгийг сэргээн босгох хамтын ажиллагааг багц хэлбэрээр хэрэгжүүлнэ

Японы Ерөнхий сайд С.Такаичи Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай Нөмрөгт гарсан түймрийн асуудлаар утсаар ярьсан тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр "Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай албан ёсоор утсаар ярилаа. 10 дугаар сарын 8-нд Монгол Улсын зүүн хэсгийн Дорнод аймагт гарсан түймрийн хохирлыг Японы Засгийн газар гүн эмгэнэлтэйгээр хүлээн авч, Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна.
Түймрийн шалтгааныг одоогоор Монголын эрх бүхий байгууллагууд шалгаж байгаа бөгөөд KDDI компани нь охин компани болох "Мобиком"-ын талаар дараах мэдэгдлийг гаргажээ. "Түймэр гарсан үед тус компаниас байгуулсан холбооны сүлжээг ашиглалтад оруулах ёслолд оролцох, 4G холбооны сүлжээний чанар болон бусад нөхцөл байдлыг газар дээр нь шалгах зорилгоор байгалийн нөөц газарт очиж, Монголын хилийн боомтын газрын тээврийн хэрэгсэл тус компанийн автомашиныг урдаа болон ардаа дагалдан явах журмаар ажиллаж байсан болно.
Мөн KDDI компани "Эрх бүхий байгууллагын шалгалтад бүрэн хамтран ажиллахаас гадна байгаль орчинд учирсан хохирлыг тодорхойлж, шуурхай сэргээх, орон нутгийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монголын холбогдох байгууллагуудтай нягт хамтран идэвхтэй ажиллах болно" гэдгээ мэдэгдсэн байна.
Японы Засгийн газраас 10 дугаар сарын 27-нд ойн аж ахуй, байгаль орчныг хамгаалах салбарын JICA-гийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад илгээсэн.
Тус илгээсэн мэргэжилтнүүдийн тайланг харгалзан үзэж, Монголын Засгийн газартай нягт холбоотой ажиллахын зэрэгцээ Монгол Улсад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, түймрийн хор уршгийг арилгах, байгаль орчныг сэргээх салбарт хүний нөөц бэлтгэх, түүнчлэн хохирсон бүс нутгийг сэргээн босгоход хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг багц хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэжээ.


