Иргэдээ бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүйгээр шатахуун түгээхийг аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа

Улс төр
Darisuren
DarisurenУнших: 1 мин 34 сек
30
legacy:UchralEC/uulzalt/Shatahuun/01.png

Ерөнхий сайд Н.Учрал түлш, шатахууны "Шуурхай штаб"-ын хурлыг ахлан хуралдууллаа. Ард иргэдийг бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд анхааруулж, биелэлтийг бүрэн хянаж ажиллахыг холбогдох яам, төрийн байгууллагынханд үүрэг болголоо.

Ерөнхий сайд “Шатахуун авахын тулд урт дараалалд зогсож, шагийн үнээр авч буй иргэд үнэн, бодит байдлаа хэлж байна. Иргэд бухимдаж байна. Шатахууны хомсдол айл өрхийн амьжиргаа, бизнест хүндрэл учруулж байна. Харин ч иргэд маань нөхцөл байдлыг ойлгож, өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн” гэдгийг хэллээ.

Засгийн газар бүх боломжоо дайчлан шатахуун татан авчирч, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, хил, гааль, төмөр зам, тээврийн бүхий л үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байна. Гэтэл хэвийн олгохгүй, иргэдийг олон цагаар дугаарлуулан зовоож, талоноор өгнө эсвэл дараагийн ээлжийн хүн олгоно гэх мэтээр чирэгдүүлж байгааг Ерөнхий сайд шүүмжиллээ. Шатахуун түгээх станц найман хошуутай байж хоёр хошуугаар нь л олгож байна гэсэн иргэдийн шүүмжлэлийг аж ахуйн нэгжүүд хүлээн авч, станцуудаа бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь зүйтэй гэлээ.

Засгийн газрын олоод ирсэн шатахууныг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй олгоход төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хэн хэн нь анхаарч, хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд Засгийн газартай бүрэн ойлголцолд хүрч чадвал нэг удаагийн хуулийн төсөл УИХ-д оруулж, тодорхой хугацаанд татаас өгч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

legacy:UchralEC/uulzalt/Shatahuun/02.png

Гааль, төмөр зам, нефть компаниуд, шатахуун түгээх станцуудаар байнга явж шалгаж, шаардлага тавьж буй иргэдтэй уулзан, орж ирсэн бензин аль аль компаниудад яаж хуваарилагдаж байгаа талаарх мэдээллийг үнэн зөв өгч ажиллахыг сайд Г.Дамдиннямд даалгаад АҮЭБЯ, ГТХЭГ зэрэг төрийн байгууллагын удирдлагууд ажлаа илүү оновчтой, шуурхай, нээлттэй зохион байгуулах учиртайг Ерөнхий сайд анхааруулав. Талон гэдэг цаасны хүнд суртал, бензин биш бичиг түрүүлж зардаг асуудлыг цэгцлэхийг Монополын эсрэг газарт үүрэг болгов.

legacy:UchralEC/uulzalt/Shatahuun/03.png
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 хоног өмнө

    ШТГазарууд шатахууны машинаараа баячуудад очиж хотхонд нь хувийн түгээлт хийж шагчид болсон бна. Канистераар гадуур бензин шаглаж 10л ийг нь 40.000₮ - р зарж шаглаж ( дүү маань жип машинтай ШТС-хүртэл гэрэл нь ассан тул аргагүйн тулд авсан , ,10л нь долоолгоод өнгөрдөг); Энэ асуудлаа Засгийн Газар иргэдийн дунд судалгаа тандалт явуулж, асуулгыг баримттай нь авч шийдэж арга хэмжээ авч өгөхгүй бол ШТС-ын хамаарал бүхий шуналын дэвүүд далимдуулаад АЖИЛЛАГАА ХИЙДЭГ болсон шүү.

  • Х
    Хүннү1 хоног өмнө

    Монголын ард түмэн “үндэсний үйлдвэр, үндэсний компаниудаа дэмжие” гэсэн эх оронч үзэлдээ үнэнч байсан. Гэвч эх орны минь, үндэсний минь хэдэн компаниуд “Өрөвдхөөр өрлүү өшөглөнө” гэдэг болоод байна. Одоо төр засаг, ард түмнээ бодох цаг боллоо. УИХ, ЗГ, ҮАБЗ яаралтай арга хэмжээ авч гадны банк, гадны нефтийн бүтээгдхүүн ханган нийлүүлэх ШТС-ууд, гурилийн зах зээд гадныхныг чөлөөтэй оруул. Алийн болгон ҮАБ-аар айлгаж ард түмнээ сөхрүүлэх гээв?

  • М
    Монгол2 хоног өмнө

    Оросын ШТС-уудыг яаралтай оруулах хэрэгтэй