Х.Нямбаатарын МУРИЛТ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 15 сек
00
Pensive Portrait Against Orange Brushstrokes.webp

Х.НЯМБААТАР ХЭЛСНЭЭСЭЭ БУЦАВ

Хотын экс дарга Х.Нямбаатар Канадад "Сурч боловсрох эрхээ эдэлж явна" хэмээн сошиалаар үе үе гарч зарладаг болсон. Тиймдээ ч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй түүнийг эх орондоо хэзээ ирж, шалгагдах вэ гэдэг асуулт олон нийтийн дунд байв. Харин энэ асуултад тэрбээр өнгөрөгч долоо хоногт "Би Монголд очно, санаа зоволтгүй. Хэзээ очихоо ирэх долоо хоногт тодорхой хэлнэ" гэж мэдэгдсэн. Сонирхолтой нь тэрбээр дөнгөж сая сошиал хуудсаараа лайв хийхдээ "Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө, орлогоо нотолсон эхний өдөр нь давхиад очно" гэлээ. Нэг ёсондоо, тэрбээр хэлснээсээ буцлаа. Түүний хэлсэн агуулгаас харахад, өөрт нь улс төрийн зорилгоор зохиомол хэрэг тохож, үүнийх нь ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг байгаа гэж хардаж буй бололтой.

Дашрамд дурдахад, ирэх 11 дүгээр сарын 7-нд нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдаж, дараагийн даргаа тодруулна. Дүрэм ёсоор одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагва нэр дэвших ба Х.Нямбаатарыг цахимаар ч оролцох боломжтой гэх агуулгыг дурдсан. Гэхдээ өнөөдрийн мэдэгдлээс харахад, Х.Нямбаатар биечлэн болоод цахимаар гээд аль ч хэлбэрээр оролцох нь тодорхойгүй байна.

Нөгөө талдаа түүнийг "Шувуу ажиллагаа"-гаар авчирч шалгах уу гэдэг асуудал ч хөндөгдөж байна. Гэхдээ манайд Т.Бадамжунайг авчирснаас бусдаар "Шувуу ажиллагаа" амжилттай хэрэгжсэн нь үгүй. Учир нь эрэн сурвалжлагдаж буй улстөрчид дэлхийн хаанаас ч мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлдэг ч ажиллагааны хүрээнд зорьж очоод, авчирсан нь үгүй. Тиймээс энэ жишиг ч Х.Нямбаатар дээр хэрэгжиж, түүнийг тийм ч амархан авчирч чадахгүй болов уу.