Дундговь аймаг 2027 оныг “Дундговьд зочлох жил” болгон зарлалаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 33 сек
00
IMG_3643.webp

Олон улсын аялал жуулчлалын “ITM Mongolia 2026” үзэсгэлэн аравдугаар сарын 23–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Мишээл экспо” төвд болж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд Дундговь аймаг түнш аймгаар анх удаа оролцож, 2027 оныг “Дундговьд зочлох жил” болгон зарлалаа. Үзэсгэлэнгийн нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, аймгийн аялал жуулчлалын салбарын онцлог, боломж, цаашдын хөгжлийн зорилгын талаар үг хэллээ.

IMG_3644.webp

Тус үзэсгэлэнд Дундговь аймаг говийн гайхамшигт байгаль, нүүдэлчин соёл, уламжлал, түүхэн дурсгалт газрууд, жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ маршрут, аяллын боломжуудаа танилцуулж байна. Дундговь аймгаас аялал жуулчлалын салбарын 16 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, төрийн байгууллагын төлөөлөл оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна.

IMG_3645.webp

”Дундговьд зочлох жил” болгон зарласны хүрээнд говийн байгаль, соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн оролцоог өргөжүүлэхийг зорьж байгаа юм.

Энэ жилийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд ОХУ, БНСУ, Энэтхэг, Япон, Малайз, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

IMG_3651.webp

Мөн дотоодын 500 гаруй байгууллага оролцож, гурван өдрийн турш 300 гаруй B2B бизнес уулзалт зохион байгуулан, 150 гаруй гэрээ, хэлцэл хийх зорилт тавин ажиллаж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд 20 мянга гаруй зочин, үзэгчийг хүлээн авч, аялал жуулчлалын бизнес, санхүү, даатгал, технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг танилцуулах юм.

27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаа нь аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагууд, Монгол Улсын 21 аймаг, гадаадын улс орнууд, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагч, худалдан авагч, мэргэжлийн холбоод, боловсролын байгууллага, технологийн компани, хэвлэл мэдээлэл, контент бүтээгчдийг нэгтгэж байгаагаараа онцлог юм.

IMG_3647.webp

Дундговь аймаг түнш аймгаар оролцож буй энэ удаагийн үзэсгэлэн нь аймгийн аялал жуулчлалын нөөц, боломжийг дотоод, гадаадын жуулчдад сурталчлах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгоход чухал ач холбогдолтой.

IMG_3650.webp IMG_3649.webp