ББСБ-ын зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамж авахыг ХОРИГЛОНО

Иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн бодит өртгийг багасгах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ууд зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамж авахыг хориглох чиглэлээр зохицуулалтын орчныг өөрчлөхөөр ажиллаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар аппликэйшнээр олгох зээлийн сарын хүүг Мөнгөн зээлийн бодлогын зөвлөлөөс тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргаад хэрэгжүүлж эхэлсэн.
Үүний зэрэгцээ зээлийн хүүгээс гадна иргэдэд санхүүгийн нэмэлт дарамт үүсгэж буй шимтгэл, хураамжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэнэ. Ингэснээр зээлийн хүүг бүрдүүлдэг эх үүсвэрийн өртөг, үйл ажиллагааны зардал, эрсдэлийн зардал болон ашиг гэх мэтийг шимтгэл, хураамж хэлбэрээр давхардуулан тооцож иргэдээс авах байдлыг бүрэн зогсооно. Эдгээр зохицуулалт хэрэгжсэнээр зээлдэгчид зээлийн хүүгээс гадна шимтгэл, хураамж төлөх байдлаар үүсдэг санхүүгийн дарамт буурч, зээлийн бодит өртөг, төлбөрийн нөхцөл илүү ойлгомжтой болох ач холбогдолтой.
Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээ нь зээлийн үйлчилгээний хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, иргэдийг үндэслэлгүй нэмэлт зардлаас хамгаалах, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хангах бодлогын чухал хэсэг юм.


.webp)